Монгол, Хятадын тулаанчид Солонгост халз тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. БНСУ-ын тулааны спортын ертөнц “Black Combat” холбооноос зохион байгуулж буй “Black Cup 2026” тэмцээнд Монгол Улсын тамирчид эхний тулаанаа БНХАУ-ын багтай энэ сарын 11-нд хийнэ.
Азийн бүс нутгийн шилдэг тулаанчдыг нэг дор цуглуулдаг энэхүү цуврал тэмцээн энэ удаад улам өргөжиж, олон улсын хэмжээний томоохон тулаануудыг багтаажээ. Долоон жинд өрсөлдөх тулаанчид 720 сая төгрөгийн шагналын сангийн төлөө хүч чадал, ур чадвараа сорих бөгөөд Солонгос, АНУ, Монгол, Япон, Евроази, Бразил, Хятад зэрэг тулааны спортын өндөр хөгжилтэй орнууд оролцож байна. Уг тэмцээний гол онцлог нь багийн хэлбэрийн өрсөлдөөн юм. Өөрөөр хэлбэл, улс бүр өөрийн шилдэг тулаанчдыг жин тус бүрт илгээж, багийн нийлбэр амжилтаар ялагчийг тодруулна гэсэн үг.
Хятадын багтай тулалдахаар манай улсаас +84 кг-д Э.Үнэнхүү, -84 кг-д жюү жицүгийн тамирчин Г.Гантулга, 77 кг-д Б.Бүрэнзориг, 70 кг-д Э.Гантөмөр, 66 кг-д П.Содномдорж, 61 кг-д Ш.Бат-Итгэлт, 57 кг-д Г.Баяндүүрэн нар тулалдахаар Солонгост бэлтгэлээ базааж байна. Энэхүү тэмцээний тулаанууд богино хугацаанд өндөр хэмнэлтэй болдгоороо онцлогтой бөгөөд ихэнх тулаан гурван үе үргэлжилнэ. Цахим ертөнцөд хоёр багийн тулааны өмнөх сорилууд анхаарал татсаар байна.

