Унгарын сөрөг хүчнийхэн парламентын сонгуульд ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БУДАПЕШТ, 2026 оны дөрөвдүгээр сарын 13/DW/. Унгарын парламентын сонгуульд ялсан “Тиса” намын дарга, 45 настай Петер Мажар Будапешт хотноо олон арван мянган дэмжигчдийнхээ өмнө үг хэллээ.
Сонгуулийн комиссын мэдээлснээр, саналын 98 хувийг тоолсны дараах байдлаар баруун төвийн үзэл баримтлалтай “Тиса” нам парламентын 199 суудлаас 138-ыг нь авч, Үндсэн хуулийн олонх төлөвтэй байна. Тус намын удирдагч П.Мажар хэлэхдээ “бид Унгарыг чөлөөллөө, бид эх орноо эргүүлэн авчирлаа” гэв. Тэрбээр бүх унгарчуудын, тэдний дотор гадаадад амьдарч буй унгарчуудын эрх ашгийг хамгаална гэдгээ амлалаа. Түүнийг үг хэлж байх үед хуран цугласан олон мянган хүмүүс “Европ”, “Европ” хэмээн уухайлж байв.

Энэ үеэр 2010 оноос хойш засгийн эрхийг барьж байсан Унгарын Ерөнхий сайд, 62 настай Виктор Орбан сонгуульд ялагдснаа хүлээн зөвшөөрсөн байна.
П.Мажар хэлэхдээ, хамгийн эхний
гадаад айлчлалаа Варшавт хийж, Төв Европын Унгар, Польш, Словак, Чех улсуудаас
бүрдэх “Вышеградын дөрвөл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг сэргээн өргөжүүлнэ
гэлээ. Дараа нь Вена, Брюссельд айлчилж, Европын Холбооны санхүүжилтийн
асуудлаар хэлэлцээ хийх ажээ.
Тэрбээр дотоодын асуудлыг
хөндөхдөө, бие даасан институтууд “барьцаанд орсныг” дурдаад, Унгарын Дээд шүүхийн
дарга, Ерөнхий прокурор, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга
нарт хандан огцрохыг уриаллаа.
Петер Мажар гэж хэн бэ?
Өмгөөлөгч мэргэжилтэй, өмнө нь
Орбаны удирдсан “Фидес” намын залуучуудын жигүүрийн гишүүн байсан энэ хүн 2024
оны хоёрдугаар сард их улс төрийн тавцанд санамсаргүй байдлаар гарч иржээ. Илтгэх урлагийг гарамгай эзэмшсэн тэрбээр тун удалгүй маш их нэр хүндийг олсон байна. Хэсэг хугацааны дараа түүний удирдсан “Тиса” хэмээх жижигхэн нам санал асуулгаар “Фидес”-ийг
ардаа орхисон бөгөөд П.Мажар Унгарт эрс шинэчлэл хийнэ гэдгээ амлажээ.
Энэ оны хоёрдугаар сард тус
намынхан 240 хуудас бүхий сонгуулийн мөрийн хөтөлбөрөө нүсэр арга хэмжээний үеэр
бус харин YouTube сувгаар олон нийтэд танилцуулсан байна. Уг хөтөлбөрт В.Орбаны
бий болгосон авлигын тогтолцоог эвдэж, хууль дээдлэх ёс, ардчиллыг сэргээхээс
гадна Унгар улсыг Европын Холбоо, НАТО-гийн найдвартай холбоотон болгох, эрүүл
мэнд, боловсролын салбарт шинэчлэл хийх, ядуурлыг бууруулах зэрэг асуудлуудыг тусгажээ.
“Тиса”-гийн ялалт
Ням гаргийн орой Үндэсний
сонгуулийн товчооноос мэдээлснээр, нийт саналын 98 хувийг тоолсны дараах
байдлаар “Тиса” нам парламентад 138 суудал, В.Орбаны “Фидес” нам ба Христийн
ардчилсан ардын намын эвсэл 54 суудал, хэт барууны “Бидний эх орон” хөдөлгөөн 7
суудал авах төлөвтэй байна.