БНСУ, Польшийн харилцааг шинэ шатанд гаргахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.enkh-od@montsame.gov.mn
2026-04-13 17:01:08

СӨҮЛ, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /Reuters/. БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нар өнөөдөр Сөүл хотноо хэлэлцээ хийх үеэрээ хоёр улсын харилцааг “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж ахиулахаар тохиролцлоо. Хоёр удирдагч ийнхүү түншлэлийн түвшнээ ахиулахдаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг харилцааны гол цөм болгон тодорхойлжээ.


Хөх ордонд дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө Ли Жэ Мён мэдэгдэхдээ, 2022 онд байгуулсан 44.2 тэрбум ам.долларын  суурь хэлэлцээрийн хүрээнд хоёр улс батлан хамгаалах салбарын түншлэлийг цаашид өргөжүүлнэ гэв.


“Өмнөд Солонгосын К2 танк, К9 өөрөө явагч их буу, FA-50 дайрагч онгоцууд, зэрэг галлагч  "Чунмү" тийрэлтэт систем өдгөө Польш улсын өргөн уудам газар нутаг, ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж байна” гэж тэрбээр хэлжээ.


Өмнөд Солонгосын удирдагчийн хэлснээр, хоёр улсын түншлэл нь зөвхөн зэвсэг техник нийлүүлэхээр хязгаарлагдахгүй, хамтарсан үйлдвэрлэл, технологи дамжуулалт, дасгал сургуулилалт зэрэг өргөн хүрээг хамрах ажээ.


Д.Туск БНСУ-ыг “батлан хамгаалах салбарт АНУ-ын дараа орох Польш улсын чухал холбоотон” гэж тодорхойлоод, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг биечлэн хянах болно гэж мэдэгджээ.


Харилцааны түвшин ахиснаар хоёр улс дэлхийн энх тайван, олон улсын тогтвортой байдалд хувь нэмэр оруулах хамтын хариуцлага хүлээж буй хэрэг хэмээн тэрбээр онцолсон байна. 


Хоёр удирдагч мөн эрчим хүчний хангамжийн сүлжээ, дэд бүтэц, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, сансар судлал болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.

相关新闻