“Улаанбаатар Ийст” багийнхан Чэндүгийн “Их дуулга”д- оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-14 11:24:09

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн “3х3-ын FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest” тэмцээн Монгол Улсад боллоо.


Тус тэмцээнд таван орны 13 баг өрсөлдсөнөөс А.Ананд, О.Энхбаатар, Э.Дөлгөөн, Наурис Миезис нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Ийст” баг түрүүлж Чэндүгийн “Их дуулга”-д оролцох эрхтэй болсон байна. Тэд мөн “Стоп-1” тэмцээнд түрүүлснээр зургаадугаар сарын 20, 21-нд Сингапурт болох чэлленжерт оролцохоор болжээ. Харин Японы “Цүкүба” баг мөнгөн медаль хүртсэнээр “Улаанбаатар Ийст”-ийн хамт Чэндүг зорихоор боллоо. Энэхүү тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор А.Ананд тодорсон бөгөөд тэрбээр таван тоглолтод нийт 30 оноо авсан байна.


Наурис Миезис тоглолтын дараа ярихдаа “Монголын 3х3 “Улаанбаатар Ийст” маш сайн баг. FIBA-д олон жил тоглож байсан, тамирчид нь маш туршлагатай. Надад энд тоглох санал тавьсан, энэ улиралд хэр байх нь уу харж л байя. Миний хувьд дэлхийн цомын аварга болох л үлдээд байна. Энэ улиралд энэхүү багтайгаа хамт оролцох бүх тэмцээн, уралдаандаа түрүүлнэ гэж найдъя” хэмээлээ.


Ташрамд дурдахад, “Стоп-2” тэмцээн энэ сарын 14, 15-нд Спортын төв ордонд болох бөгөөд түрүүлсэн баг долоодугаар сарын 25, 26-нд Индонезийн Батам хотод зохион байгуулах чэлленжерт оролцоно. 







相关新闻