Сэжүн хотод Ерөнхийлөгчийн ордныг барьж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Reuters/. Өмнөд Солонгосын Сэжүн хотод Ерөнхийлөгчийн ордны цогцолборын барилгын ажлыг ирэх оны наймдугаар сард эхлүүлэхээр болсон тухай тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар өнөөдөр мэдэгдлээ. Ерөнхийлөгч Ли Жэ Мён өөрийн бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө тус цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Барилгын ажлын тендерийг лхагва гарагт зарлана гэж Хөх ордны Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ли Кю Ён хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Уг байгууламж нь 350 мянга орчим хавтгай дөрвөлжин метр талбайг хамрах бөгөөд талбайг бэлтгэх зардалд 9.8 тэрбум вон (6.6 сая ам.доллар) төсөвлөж, барилгын ажлыг 14 сарын хугацаанд гүйцэтгэхээр тооцоолсон байна.
Ли Жэ Мён өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгчийн ордныг Сөүл хотын төвд орших "Хөх ордон" руу буцаан нүүлгэсэн билээ. Ингэснээр албан тушаалаасаа огцорсон өмнөх ерөнхийлөгч Юн Сог Ёлийн албан өрөө байрлаж байсан Батлан хамгаалах яамны цогцолбороос гарсан байна.
Ли Жэ Мён 2025 оны зургаадугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Сэжүн хотод Ерөнхийлөгчийн хоёр дахь ордон болон Үндэсний ассамблейн (парламент) байрыг барьж, бүрэн эрхийн хугацаагаа тус хотод дуусгахаа амлаж байсан юм.
Ингэснээр бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, Сөүлийн орон сууцны үнийн хэт өсөлтийг сааруулахад тус дөхөм үзүүлэхээс гадна Өмнөд Солонгосын засаг захиргааны нийслэлийг бүрэн байгуулж дуусгах олон жилийн амлалтаа биелүүлэх нэг алхам болно гэж тэрбээр хэлжээ.
Ерөнхийлөгч 2029 оны наймдугаар сар гэхэд Сэжүн дэх офистоо нүүж орохоор төлөвлөж байгаа бөгөөд уг ордныг "Хөх ордон"-ы оронд үндсэн ордон болгох эсэхийг олон нийтийн санал асуулга болон хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ гэж Хөх ордны мэдэгдэлд дурдсан байна.
Сэжүн хотыг Сөүлийн ачааллыг бууруулах зорилгоор 2012 онд байгуулсан бөгөөд тэнд засгийн газрын ихэнх яам, агентлагууд байрлаж байгаа бол Ерөнхийлөгчийн Тамгын газар нийслэлд байсаар байна.