“Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын аварга шалгаруулах тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Шатрын Холбоо хамтран зохион байгуулж буй “Алтан Бэрс-2026” корпорацуудын шатрын аварга шалгаруулах тэмцээн МҮХАҮТ-ын их танхимд энэ сарын 18, 19-нд болно.
Энэ удаагийн тэмцээн нь бизнесийн салбарынхны дунд оюуны спортыг сурталчлах, байгууллагын соёл болон стратегийн сэтгэлгээг дэмжих зорилготой бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхай, банк санхүү, мэдээллийн технологи, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбар бүрийн манлайлагч 30 гаруй томоохон компани оролцохоор мэдүүлэг өгчээ. Түрүүлсэн баг Монгол Улсын төлөөлөн дэлхийн корпорацуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авахыг олон улсын шүүгч С.Ган-Эрдэнэ онцоллоо.
Тэгвэл Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Наранбаатар “Тэмцээнд их мастер Б.Мөнгөнтуул, Д.Шаравдорж, Б.Хатанбаатар, Г.Мөнхгал, Б.Гүндаваа, Д.Батсүрэн, олон улсын мастер Б.Мөнгөнзул, С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, С.Чингүүн, Х.Өлзийхишиг, Ү.Агьбилэг тэргүүтэй шилдэг шатарчид Монголын топ аж ахуйн нэгжүүдийн багийг ахалж оролцоно. Багууд хоёр өдрийн турш есөн өрөг өрсөлдөж аваргаа тодруулна. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан тэмцээн маань амжилттай болсон. Тиймээс хоёр дахь удаагаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Багууд илүү өргөн хүрээнд оролцож байна. Ингэж идэвхтэй оролцвол цаашид жил бүр уламжлал болгоно” хэмээн ярилаа.
Өнгөрсөн жил болсон анхдугаар тэмцээнд Олон улсын мастер Х.Өлзийхишиг ахлагчтай “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” хувьцаат компани түрүүлсэн бөгөөд тэд энэ удаа цомоо хамгаалахаар өрсөлдөнө.
Ташрамд дурдахад, “Алтан бэрс” тэмцээний цомыг Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбат санаачлан хийлгэсэн бөгөөд алтаар бүрж, төгс гэгээрлийн мэлмий, Монголын соёлын олон өнцгийг шингээсэн юм.
