Тайвань хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр Их Британийг гүйцэж түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2026-04-16 17:07:36

ТАЙБЭЙ, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /interfax/. Тайваньд хувьцаагаа арилжаалдаг компаниудын нийт үнэлгээ өчигдрийн байдлаар 4.14 их наяд ам.долларт хүрчээ. Ингэснээр тус улсын хөрөнгийн зах зээл дэлхийд долоодугаарт эрэмбэлэгдэх болсон тухай "Bloomberg" агентлаг мэдээлсэн байна. 


Тайвань ийнхүү хувьцааны зах зээл нь 4.09 их наяд ам.доллароор үнэлэгдэж буй Их Британийг ардаа орхилоо. Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээллээр, Тайванийн Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 977 тэрбум ам.доллар байгаа бол Их Британийнх 4.3 их наяд ам.доллар буюу даруй дөрөв дахин их байгаа юм.


Тайванийн хөрөнгийн зах зээлийн гол индекс болох "Taiex" нь Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй бүх алдагдлаа хамгийн түрүүнд нөхөж чаджээ. Пүрэв гаргийн арилжаагаар уг индекс 0.7 хувиар өсөж, найман арилжаа дараалан ашигтай хаагдсан бол энэ сар гарснаас хойш нийт 16 хувиар өссөн байна. Харин Их Британийн "FTSE 100" индекс дөрөвдүгээр сард 4 хүрэхгүй хувиар өсжээ.


Тайванийн хөрөнгийн зах зээл ийнхүү өсөхөд тус улсын хамгийн үнэ цэнтэй компани болох TSMC-ийн (Taiwan Semiconductor Manufacturing Company) улирлын үзүүлэлт нөлөөлжээ. Чип үйлдвэрлэгч тус компанийн эхний улирлын цэвэр ашиг дээд түвшинд хүрсэн байна. TSMC-ийн зах зээлийн үнэлгээ 1.7 их наяд орчим ам.долларт хүрчээ. 


相关新闻