Б.Энхмаа: Төрийн мэдээллийн санд суурилан тооллогыг анх удаа цахимаар зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-17 15:33:04

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймагт Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутамд зохион байгуулдаг “Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого” эхэллээ. Улсын хэмжээнд нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү тооллогыг найм дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ талаар Завхан аймгийн Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмаатай ярилцлаа.


-Завхан аймагт тооллогын ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Тооллогын бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангасан. Тухайлбал, асуулгын боловсруулалтыг дөрөвдүгээр сараас эхлүүлж, энэ сарын 5-наас туршиж сайжруулалт хийсэн. Мөн программ хангамжийн бэлтгэлийг хоёрдугаар сараас хангасан. Үндэсний Статистикийн Хорооны даргын 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн А/31 дүгээр тушаал, аймгийн Засаг даргын хоёрдугаар сарын 26-ны өдрийн А/87 дугаар захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг байгуулан ажиллаж байна.


Энэ удаагийн тооллогын онцлог нь бүртгэлд суурилсан аргаар, төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглан цахимаар зохион байгуулж буй явдал юм. Цаашид энэхүү аргыг тогтмол хэрэгжүүлснээр мэдээллийн давхардлыг бууруулах, төсөв, цаг хугацаа хэмнэх, мэдээлэгчдийн ачааллыг багасгах, статистикийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой.


Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, нэмэлт асуултад хариулан мэдээллээ баталгаажуулна. 2025 оны байдлаар Завхан аймагт 3576 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэйгээс 1588 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 32.9 хувь нь Улиастай суманд байрладаг бөгөөд бүгд тооллогод хамрагдана.


-Тооллогын ач холбогдол юу вэ?
-Энэхүү тооллогоор аж ахуйн нэгжүүдээс статистикийн мэдээ, тайланг тогтмол хүлээн авах цахим систем нэвтрүүлэх юм. Ингэснээр цаг хугацаа хэмнэхээс гадна байгууллага болон хүний нөөцөд ирэх ачаалал багасна.


-Өмнө нь хэдийд зохион байгуулж байсан бэ?
-Статистикийн тухай хуульд заасны дагуу 1991, 1994, 1998, 2006, 2011, 2016, 2021 онд зохион байгуулж байсан.

Аж ахуйн нэгж, байгууллага болон хүн амын тооллого нь зөвхөн тоо гаргах бус өргөн хүрээний ач холбогдолтой. Тухайлбал, байгууллагуудын санхүүгийн байдал, зах зээлд эзлэх байр суурь, хүний нөөц, техник технологийн түвшнийг тодорхойлохын зэрэгцээ өмнөх тооллогын үр дүнтэй харьцуулан өөрчлөлт, ахицыг үнэлэх боломж бүрдүүлдэг.


Мөн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шаардлагатай бодлого, дэмжлэгийг тодорхойлох суурь мэдээллийг бий болгоно. Ингэснээр нийгэм, эдийн засгийн бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой юм.


Энэ удаагийн тооллогын онцлог нь төрийн 13 байгууллагын мэдээллийн санг нэгтгэн, бүртгэлд суурилсан аргаар 100 хувь цахимаар зохион байгуулж буй анхны тооллого болж байгаад оршино. Аж ахуйн нэгж, байгууллагууд цахим системд нэвтэрч, мэдээллээ шалган, дутуу хэсгийг нөхөн бөглөснөөр тооллогод хамрагдаж, баталгаажсан гэрчилгээ авах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.




相关新闻