“Хатант интернэйшнл” баг үндэсний бөхийн “Алтан цом”-ын эзэн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-20 10:36:37

Улаанбаатар, 2062 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулсан үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан өндөрлөж, “Хатант интернэйшнл” баг аваргаар тодорлоо.


Тодруулбал, шилдэг найман баг хагас жилийн турш тойргоор өрсөлдсөн үндэсний бөхийн лигийн тэмцээний аварга баг өчигдөр тодорсон бөгөөд улсын арслан Р.Пүрэвдагва, заан С.Сүхбат, харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, начин Т.Дүгэрдорж, Э.Мөнхжаргал, аймгийн арслан Б.Шаравдорж, аймгийн заан Э.Түмэндэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй “Хатант интернэйшнл” багийнхан “Алтан цом”-ыг гардлаа. Тэд урьдчилсан шатанд таван ялалт байгуулан хоёрдугаар байраар хагас шигшээд шалгарсан. Улмаар “АПУ Скайтел” багийг 15:10-аар буулган авч шигшээд үлдсэн. Тэгвэл шигшээ барилдаанд улсын арслан Э.Батмагнай, харцага Н.Золбоо тэргүүтэй “Эм Си Эс Энержи” багийг 14:11-ээр ялснаар “Алтан цом”-ын эзэн болж, 500 сая төгрөгийн мөнгөн шагнал гардлаа. “Хатант интернэйшнл” багийн бүрэлдэхүүнд багтсан зургаан гишүүн нь үндэсний “Алтан цом”-ын финалд гурав дахиа шалгарч, хоёр түрүүлж, нэг удаа дэд байрт шалгарч байна.


Харин дэд байр эзэлсэн “Эм Си Эс Энержи” баг 250 сая төгрөг гардсанаас гадна тус багийн гишүүн улсын арслан Э.Батмагнай 43 барилдаанаас 40 даваа авч, “Алтан цом”-ын барилдааны “Хамгийн олон даваатай бөх”-өөр тодорлоо. Энэхүү барилдаанд улсын харцага Т.Баасанхүү дасгалжуулагчтай, дархан аварга Н.Батсуурь ахлагчтай “Хамаг Монгол” багийнхан гуравдугаар байрт шалгарав. Тэд улсын харцага Т.Өсөх-Ирээдүй дасгалжуулагчтай, арслан Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ-Скайтел” багийг 14:11-ээр буулган авсан юм. Гуравдугаар байрыг 150 сая төгрөгийн шагнал авсан бол дөрөвт үлдсэн баг 100 саяыг гардлаа.


Медалийн төлөөх барилдааны дундуур уран барилдаант аймгийн цолтнууд болон Бөхийн өргөөнд түрүүлсэн сумын заануудын багийн халз барилдааныг зохион байгуулсан юм. Мөн “Алтан цом”-д оролцсон найман багаас нийгмийн хариуцлагын хүрээнд бай шагналаасаа 75 сая төгрөгийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандивласан бол МҮБХ-ноос оролцсон найман багтаа хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардуулсан байна. 




















相关新闻