Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” ангилалд багтдаг зэрлэг гахай Завхан аймгийн 5 суманд ажиглалтаар бүртгэгджээ.
Дөрвөлжин, Алдархаан сумын нутаг дахь Завхан гол, Улиастай, Яруу сумын нутаг дахь Яруугийн гол, мөн Богдын гол, Цагаан нуур, Хөх нуурын сав дагуу зэрлэг гахай ажиглагдсан талаар Завхан аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Э.Мягмаржав мэдээллээ.
Харин Тосонцэнгэл сумын Дэлгэрэхийн голын сав, Баянтэс сумын Тэсийн гол, Хусын голын сав газрыг тэдний амьдрах “цөм нутаг” хэмээн тодорхойлжээ. Зэрлэг гахай нь 150-170 см урт, 110-140 кг жинтэй бөгөөд тарга тэвээрэг авсан үедээ 120-170 кг хүрдэг. Эрийг бодон, эмийг мэгж, төлийг тоорой гэнэ.
Нас, биеийн хөгжлөөс нь хамааран хаван, ногтмол бодон, хангал бодон, хязаалан хадаргаа бодон, соёолон бодон гэх мэтээр ангилж нэрлэдэг. Үржлийн үе нь 12 дугаар сарын сүүлээс 1 дүгээр сарын эхэн хүртэл үргэлжилдэг бөгөөд 5-6 дугаар сард 3-8 тоорой гаргадаг.
Хоол тэжээлийн хувьд ургамлын үндэс, шавж, мэлхий зэрэг олон төрлийн тэжээлээр хооллодог бөгөөд будааны хаягдал, сүрлийн лай, чихэрлэг зүйлд дуртай. Ихэвчлэн мөчир, навчаар зассан “логш” хэмээх хэвтэрт амьдарч, сүргээрээ нутагладаг онцлогтой.
Сүүлийн жилүүдэд хулгайн ан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр зэрлэг гахайн тоо толгой эрс буурчээ. Монгол Улсад ойн бодон, зэгсний гахай гэсэн хоёр зүйл байдаг бөгөөд Завхан аймагт хоёулаа бүртгэгдсэн байна. Зэгсний гахай нь голын татам, нуурын эрэг, зэгс, бутан ширэнгэ бүхий орчинд амьдардаг.
Зэрлэг гахайг агнахыг хориглож, Монгол Улсын Улаан номд бүртгэн, ховор амьтны жагсаалтад оруулсан бөгөөд тархац нутгийн тодорхой хэсгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулжээ. Гэсэн ч усны түвшин буурч, зэгс ургамал ховордсоноос амьдрах орчин хумигдаж, тоо толгой нь буурахад нөлөөлж байна.
Энэхүү амьтан нь экосистемд чухал үүрэгтэй. Ургамлын үндэс идэхдээ хөрсийг сэндийлж, шим тэжээлийн эргэлтийг идэвхжүүлдэг. Мөн жимслэг ургамлын үрийг тараах, хортон шавьжийн авгалдайг устгах замаар байгалийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмэр оруулдаг.
Иймд зэрлэг гахайн тархац, нөөц, биологийг нарийвчлан судлах, амьдрах орчныг хамгаалах, зудын үед нэмэлт тэжээл өгөх, нутгийн иргэдэд түшиглэсэн хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн хууль бусаар агнасан, эд эрхтнийг хадгалсан, тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.
Экологи-эдийн засгийн үнэлгээгээр зэгсний зэрлэг гахай нь ойн бодонгоос өндөр үнэлгээтэй буюу 2.9-3.3 сая төгрөгөөр үнэлэгддэг байна.

Зэрлэг гахайн торой