ЗАВХАН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-21 12:58:17

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 21. /МОНЦАМЭ/. Завхан аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажил эхэллээ.


Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах иж бүрэн тусламж, үйлчилгээ үзүүлэх, мөн гэр бүл, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнээс гадна орон нутагт сэргээн засалтын чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.


Мөн гэмтэж бэртсэний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэдэд нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.


Барилга нь 2000 ам метр талбай бүхий, авто гарааш болон зоорийн давхар бүхий гурван блок, гурван давхар байгууламж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх үүднээс бүх хэсгийг брайл үсгээр тэмдэглэж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан цонх, хаалгыг автомат удирдлагатай, дуут дохиотой шийдлээр тоноглоно. Мөн дотор, гадна налуу зам, лифт, тэргэнцрийн агуулах, хурлын болон сургалтын танхим, хүүхдийн хөгжлийн болон тоглоомын өрөө, кофе шоп зэрэг цогц шийдлийг төлөвлөжээ.


Түүнчлэн гэр бүлийн уулзалтын, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын, сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнүүд, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд болон тэргэнцэртэй иргэдэд зориулсан хувцас солих тусгай өрөөнүүдтэй байхаар төлөвлөсөн байна.


Ташрамд, Завхан аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 3298 иргэн байдгаас аймгийн төвд 897, сумдын төвд 937, хөдөө орон нутагт 1466 иргэн амьдарч байна.


相关新闻