Завхан аймаг генералуудынхаа алдар гавьяаг алдаршуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-28 11:19:17

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Монгол генералын өдөр” тохиож байна.

Завхан аймаг улсдаа хамгийн олон генерал цолтон төрүүлсэн аймаг гэдгээрээ онцлог бөгөөд энэ өдөр алтан мөрдөст генералууддаа хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.


Эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалах, хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, энх цагийн бүтээн байгуулалт болон ард түмний амгалан тайван байдлыг хангах үйлсэд мэдлэг, чадвар, авьяас билиг, ажил амьдралын арвин туршлагаа зориулан зүтгэсэн 27 генерал цолтон Завхан аймгаас төрөн гарчээ.


Иймээс тус аймаг генералуудын алдар гавьяаг мөнхжүүлж, ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах, хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор 2021 онд “Нутгийн генералууд” хүндэтгэлийн талбайг шинэчлэн засварлажээ.


Улиастай хотын төвд байрлах Генералуудын талбай нь эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан генералуудаараа бахархах, тэднийг хүндэтгэн дуурайх, дайчин уламжлалыг үр хойчдоо өвлүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий самбартай юм.


Тус талбайд Зэвсэгт хүчний түүхэн ой, “Монгол цэргийн өдөр”, “Генералуудын өдөр” зэрэг тэмдэглэлт өдрүүд, мөн хугацаат цэргийн албанд татагдсан дайчдыг үдэх, цэргийн албаа нэр төртэй хаасан алба хаагчдыг угтах зэрэг хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.


Ташрамд дурдахад, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд анх генерал цол олгож байжээ.

相关新闻