Хямралыг боломж болгоход удирдлагын баг чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-05 17:30:40

Өсөлт удаан салбарт маш олон өрсөлдөгчтэй учир түгжрэлтэй замд мөлхөж буй мэт удаан байж болохгүй. Эдийн засгийн хүндрэл хэмээн ярихын оронд боломжийг ашиглах хэрэгтэй гэдэгт "Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд" сэдэвт форумын төлөөлөгчид төвлөрч ярилцлаа.

Глобаль Стратегийн Удирдлагын институтээс зохион байгуулсан эл форумаар хэрхэн санхүүгийн удирдлагыг сайжруулах, хэмнэлтийн стратеги, нөөц төлөвлөгөөг боловсруулах талаар санал солилцсон юм.

Эдийн засгийн хүндрэлийн үед цахилгаан эрчим хүчний хэмнэлтээс эхлээд холбоо харилцааны зардлыг бууруулах, хямралын удирдлагын баг байгуулан мөнгөн хөрөнгийн урсгалын төлөвлөгөөг боловсруулах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Бизнесийг удирдана гэдэг бол яг машин жолоодохтой адил. Хямралын үед өрсөлдөөний явцад чанартай тоглогчид тэсч үлддэг. Тиймээс бэлэн мөнгөний хуримтлал бий болгох, ашиггүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зогсоох, стратегийн түншлэлийг байгуулах нь зүйтэй гэдгийг форумын оролцогсод онцоллоо.

Судалгаанаас үзэхэд дээд шатны удирдах ажилтнуудын 10 хувь хүрэхгүй хувь нь л стратегич сэтгэлгээтэй удирдагчид байгаа нь асар хурдтай хувьсаж буй гадаад эдийн засгийн орчинд зохицон ажиллах чадвартай удирдагчдын тоо маш хангалтгүй түвшинд байгааг харуулж байна. Тодруулбал ихэнх байгууллагын захирлууд богино хугацаанд өндөр орлого, ашиг олохын төлөө анхаарч санхүүгийн болон бусад нөөцүүдээ богино хугацаанд ашигтай ажиллахад чиглүүлэн хуваарилдаг. Энэ нь нэг талаар монголчуудын нүүдэлчин сэтгэхүйтэй  холбоотой.Түүнчлэн захирлууд өдөр тутмын үйл ажиллагааны менежмент явуулахад ихэнх цагаа зарцуулж, маш олон “гал унтраах” ажлыг зэрэг амжуулахыг хичээдэг. Ийнхүү өдөр тутмын ажилдаа илүү анхаардаг захирлууд богино хугацааны зорилтуудыг биелүүлэхдээ чадварлаг байдаг ч хямралын үеийн төвөгтэй үед стратегийн чухал шийдвэрийг оновчтой гаргаж чадахгүй байгааг олон компаниудын жишээнээс харж болно гэдэгт төлөөлөгчид санал нэгдлээ.

Ийнхүү хямралыг боломж болгоход удирдлагын баг чухал үүрэгтэй гэдгийг тодотгосон юм.

Б.Заяа

相关新闻