Шинэ нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын тоног төхөөрөмж суурилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-12-07 15:06:02

“Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд шаардлагатай цацрагийн хяналтын тоног төхөөрөмжийг  суурилуулахаар боллоо.

Төхөөрөмжийн өртөг 2.4 тэрбум төгрөг бөгөөд үүнээс гадна 287 мянган ам.долларын өртөгтэй цацраг хэмжих гар багаж нийлүүлэхээр болсон байна.

АНУ-ын Эрчим хүчний яам 2008 оноос манай улсад “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийг долоон үе шаттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийг дахин үргэлжлүүлэхээр болсон байна. Дээрх төслийн хүрээнд Монгол Улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмж суурилуулжээ. Мөн цацрагийн хяналтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон хүний нөөц бэлтгэх, засвар үйлчилгээ, суурилуулалтын зардалд нийт 31 сая ам.долларын тусламж үзүүлсэн байна.

Төсөл хэрэгжүүлэгч АНУ-ын Эрчим хүчний яамны төлөөлөгчид манай улсад айлчилж буй бөгөөд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү өнөөдөр хүлээн авч уулзсан юм. 

Н.Цагаанхүү хэлэхдээ, "Манай улсын хилийн бүх боомтууд дээр цацраг идэвхт бодис, цөмийн материал илрүүлэх цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулан, тогтвортой ажиллуулснаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх цацрагийн аливаа сөрөг нөлөөлөл, цацрагийн аюулаас урьдчилан сэргийлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө манай орны хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор цөмийн, химийн, биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг төрийн бус субъектууд боловсруулах, үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх хэрэглэхийг дэмжихгүй байх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд үндэсний хэмжээнд чанд хяналт тавихыг НҮБ-ын гишүүн орнуудад үүрэг болгосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал Вашингтон хотноо гарын үсэг зурсан байдаг. Энэхүү санамж бичгийн хүрээнд “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм" хэмээн онцлов.

Дашрамд дурдахад өнгөрсөн тавдугаар сард төв дохиоллын системийн программ хангамжийг суурилуулж Мэргэжлийн хяналтын дотоод сүлжээнд холбож буй Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Бичигт зэрэг таван хилийн боомтын цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийг холбожээ. Ингэснээр цөмийн болон бусад цацраг идэвхт материалын хилээр нэвтэрч буй мэдээлэл, хилийн боомтын улсын байцаагч нарын хяналт шалгалтын мэдээллийг МХЕГ дээр давхар хянах боломжтой болсон байна.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

相关新闻