ГАЗРЫН ДИВААЖИН ХАЙНАНЬ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-12-11 22:19:18

Сэтгүүлч хэмээх гайхамшигт сайхан мэргэжлийн ач буян заяагаар хол газар зорчин юм үзэж нүд тайлах боломж үе үе тохиох. Энэ удаа МСНЭ-ийн ерөнхийлөгч СГЗ Б.Галаарид утас цохин гадаадад хэд хоног амраад ирнэ үү хэмээн алтан боломж олголоо. Бидний хэдэн нөхөд МСНЭ-ийн ажлын албаныхан болох дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, зөвлөх Б.Нарантуяа, санхүүч З. Нарантуяа, хяналтын хорооны Д.Ариунаа, менежер Б.Булгамаа, Б.Мөнхбаяр, Баянхонгорын П.Санаадагва, Говьсүмбэрийн Т.Болдбаатар, Баян-Өлгийн Б.Өмирбек нарынхаа хамт Өмнөд Хятадын тэнгис үзэсгэлэнт Хайнанийг зорих нь тэр.

“Буянт ухаа” хэмээн эртнээс нэрлэгдсэн угтаа бол “буянт унаа” гэх шиг санагддаг “Чингис хаан” Олог улсын нисэх онгоцны буудлаас тэнгэрийн буянт унааны ган дөрөөнд гишгэж суудал тухлаад уул, ус, говь, талыг даван хоёрхон цаг хүнгэнүүлээд эртний буурал түүхт Дайду буюу эдүгээгийн Бээжин хотын олон улсын “Капитал” буудалд газардлаа. Тэр хурдан унаа Бээжингийн дээгүүр их л удаан явах шиг санагдах нь их Хятадын нийслэл  томоос том гэдгийг илтгэх ажээ. Капиталд үдийн зоог барьж тухлаад унаагаа сэлгэн юүлж алдарт Хайнанийг зорин хөх тэнгэртээ гарах нь тэр.

Бээжингээс 2710 км агаарын замыг идэж ууж, уншиж бичиж, зураг дарж, дэлгэц ширтэж, суудал түшин зүүрмэглэж “тансагласаар” туулж Саньяа хотын Фонхуан нисэх онгоцны буудалд буудаг юм билээ. БНХАУ-ын Улаанбаатар хот дахь ЭСЯ, Хятадын ГХЯ, манай МСНЭ-ийн хамтын ажиллагааны үр дүнгээр хийж байгаа энэхүү аяллын бүрэлдэхүүнд ном цаас шагайж, бусдын бүтээл туурвилыг гайхан биширч, өөрийн хүсэл сэтгэлээр хэрэгтэй хэрэггүй юм эрээчиж суудаг өчүүхэн хүн намайг багтаасанд Галаарид ерөнхийлөгч болон сэтгүүлчдийн байгууллагын гэгээлэг нөхөддөө хязгааргүй их баярласнаа илэрхийлье.

Гурван жилийн өмнө мөн энэ л үеэр Чежүгээс нисэж явахдаа баруун зүг далайн мандал тэнгэрийн хаяа руу наран улайран шингэж байхад, нөгөө талаас сүүдэртэн бараантах дорно зүгээс саран мэлтэсхийн ус тэнгэрийн заагнаас гэрэлтэн мандахыг ажиглаад ховорхон азтайдаа баярлаж явсан надад энэ удаагийн аялалд бас нэгэн аз тохиолоо. Учир юун гэвэл энэ үдэш сар дэлхийд хамгийн ойрхон том харагдах ховорхон тохиол ажээ. Цайран мөнгөрч хотгор хотос нь сүүдэртэх үүлэн талын хаяа руу наран алтран шаргалтсаар шингэж, дорно зүгээс “том” саран улайран мандахыг тэнгэрээс харах, 10 000 метрийн өндрөөс зургийг нь буулгах, дараа нь газрын диваажин тэнгэрийн хаяа хэмээх үзэсгэлэнт Хайнань арлаас зураг авснаа ховорхон аз завшаан гэхээс яах билээ дээ. Иймэрхүү ховор тохиол бүхэнд би сэтгүүлч хэмээх мэргэжлээр үнэнхүү бахархдаг юм. 

Фонхуаны буудалд хөл тавихад пинхийгээд л халуун амьсгал бүгчим орчин бүчээд авах нь тэр. Бээжингээс аяны дөрөө нийлсэн хөтөч Бээжингийн их сургуулийн монгол хэлний багш Юань Линь хэмээх Хятад бүсгүй Монгол нэрийг нь Солонго гэнэ. Бидний хэдэн нөхөд ачаа тээшээ чирээд Солонгоо дагаад л намираад байх нь тэр. Далайн эрэгт байрлах таван одтой Holiday Lnn Resort зочид буудалд хэд хоног тухалж Өмнөд Хятадын тэнгис Хайнань арлын үзэсгэлэнт байгал, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, аялал жуулчлал хөгжүүлж байгаа олон сайхан зүйлийг нүдээр үзэж сэтгэл баясаж явлаа. Удаан нисэх онгоцон дотор тух алдан уйлагнах бяцхан хүүхэд, уцаарлан хүүхдийнхээ хонгон дээр зөөлөн алгадах эцэг, үрээ аргадан тайтгаруулах эхийг харахад хүн төрөлхтөн бид ч инээх, уурлах, уйлах, дуулах гээд зан төлөвийн тухайд бүгд адилхан юм даа. Яг сэтгэлээ нээгээд ярилцахад л хэл хэлээ мэдэхгүй будилахаас биш гэсэн шүү юм бодож суръя гэвэл ч юу байх вэ дээ залуус минь гэж үг даймаар санагдаж байх.

Бид ойд амьдрах 1.3 сая орчим Ли үндэстэн, үхэр шүтээнтэй Мяо үндэстэний өв соёлыг үзэж сонирхлоо. Ли үндэстэний дотор зуугаас дээш настай 200 гаруй хүн байдаг гэнэ. Сард нэг удаа хот руугаа орж ойр зуурын юмаа аваад ойдоо л амьдарч байдаг аж. Бичиг үсэг мэдэхгүй, эртний уламжлалаараа нэхмэл хатгамал хийж, ваар урлаж овог үндэстэнээрээ үзмэр болсон тэднийг харахад аливаа хүн төрөлхтний оршихуйн үндэс нь тухайн үндэснийхээ өв соёл, хэл, бичиг үсэг түүх, уламжлалд байдаг гэдэг нь харагдаж байлаа. Хятадын ард түмэн үнэнхүү бүтээлч, баялаг бүтээгчид гэдэг нь алхам тутамд мэдрэгдэнэ. Үдэш явган зам тавьж байсан хүмүүс өглөө гэхэд бүх ажил дууссан цэвэр цэмцгэрхэн болсон иргэд зорчиж байх. Бид бол яах бол дарга нар ирж тууз хайчлаад л хөгжим хангинаад сүртэй зогсож байдаг, тэдэнд тийм зав алгаа янз нь. Барилга байшингийн хэлбэр төрх загвар гээд санаа авах юм зөндөө. Дэлхийн миссийн 5 удаагийн тэмцээн болсон өргөө барилга, мод мэт хэлбэртэй зургаан хос барилга, хан боргоцой хэлбэртэй байшин, Гарди арал дээрх үсэрч буй загас маягийн 5 барилга гээд дизайнтай нүд хужирлах байгууламжууд олон байна.

Манай хот, аймгийн төв, сум суурин жижиг байж болох ч гагцхүү байгууллага бүр бүгд өөр өөрийн орчноо цэвэр цэмцгэр, барилга байгууламжаа өнгө үзэмжтэй, зам талбайгаа цэгцтэй, мод бутаа ургуулж тордсон, гэрэл чимэглэлийг нь зөв шийдэлтэй тохилог хийчихвэл хачин сайхан болчих боломж байна. Энд үнэндээ сэтгэл байвал тун ч бага зардал гарна. Бид олон юманд сэтгэл дутаад байх юм даа. Буудлын зурагтаар Хайнаний 2 суваг гарах. Тэд бүтээн байгуулалт болон төрөл бүрийн хоол яаж хийх, ямар материал хэрхэн ашиглах талаар зааж сурталчлаад байх. Хоол гэснээс нээрээ манайхан бөөнөөр нь чанасан өөхтэй мах, эсвэл таваг дүүрэн бууз, сэгсийтэл овоолсон цуйвангаа орцыг нь хэтрүүлсхийгээд л “цохиж” аваад түүнийгээ шингээх гэж ходоод гэдэс, цөс, элгээ баахан зовоож өвчин олоод байдаг юм биш үү. Хятадад маш олон төрлийн хоол хүнснээс сонголт хийж бор ходоодоо божийлгоход амархан шингэдэг ч өег цатгалан байгаад байх бололтой. Бидэнд хоолны сонголт гэж бараг алгаа. Бодож үзмээр л юмны нэг шиг санагдсан шүү. 

Саньяа хотын хөтөч хэмээн биднийг давхар харгалздаг болсон Хятад охин зогсоо зайгүй шулганаж Солонгоо маань монголоор хөрвүүлж бид хэрэгт дурлан олон юм асуун багагүй мэдээлэл авч “их ч” юм ойлгох бололтой. Янодо манайхаар бол нэг, хоёр, гурав гэсэн үг гэнэ. Хүүхэд залуус зураг авахуулахдаа гараа өргөн дунд, долоовор хуруугаа босгон, эрхий, ядам, чигчийгээ эвхсэн байдаг даа. Тэр нь эндээс гаралтай ажээ. Энд яваа хүмүүс хар, шар, цагаан хамаагүй бүгд л гараа өргөн “Янодо” гээд бүр мэндчилгээ болжээ. Ийм нэртэй халуун бүсийн ойн цэцэрлэгээр зугаалж дэлхийн хамгийн том өвс /бүдүүн мод мэт/, үлэг гүрвэл иддэг байсан гэх эртний мод, 1000 настай гэх бүдүүн мод, урт нас бэлэгддэг тоть, Монгол малчин айлын баруун хаяанд байдаг цахыг санагдуулсан чөдөр, ногт, хазаар, бугуйл олноор нь өлгөсөн мэт сүлжилдэн, зангиран, бөөгнөрөн ургасан олон янзын моднууд, Саньяа хотын бэлэгдэл улаан, ягаан навчтай мод, ой моддын мөчир тэгнэн сунайх дэлхийн хамгийн урт өвс, элгэн хаднаас ургасан мод, хортой гэдгийг нь улаанаар дохиолсон мод гээд сонин содон юм ихийг үзлээ.

Энэ арлын ихэнх ургамал ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг гэнэ. Мөн “Аз жаргалын хаалга”-аар эрчүүд нь дээгүүр харан ихэмсэглэж, эмэгтэйчүүд нь бүжиглэх маяг үзүүлэн орж эргэж харалгүй цааш явдаг аж. Усыг нь ууж ёсыг нь дагасаар. “Тэнгэрийн хаяа далайн хөвөө” хэмээн аялагч, жуулчдын анхаарлыг татсан уянгалаг нэртэй газарт түм түжигнэж бум бужигнах. Энд би Монголынхоо их говийг санасан. Тиймээ манай нутаг Хүйсийн говь минь тэнгэрийн хаяа руу алсалж нүд үл хүрэх тэр алс руу тэмээ мал маань бэлчээрлэн уусан алдардаг болохоор тэнгэрийн хаяаны алсаас тэнгэрийн нөгөө хаяанд ирсэн юм байна хэмээн хөөрүү бодол төрж байснаа нуугаад яахав. Залуу хосууд “чамтайгаа тэнгэрийн хаяа хүртэл хамтдаа” хэмээн энэ газар тангараг өргөж нэг насныхаа амьдралыг эхэлдэг байна. Би Хайнанийг хайрыг мөнхөлсөн, домог амилсан нутаг юм даа гэж бодсон. Тэнгэрийн хаяа далайн хөвөөнд, тэндээс хот руугаа чиглэх хайрын замд 9 залуу хосын янз бүрийн зохиомжоор зургаа авахуулж, зугаалж явааг харлаа. Хаа газрын хүмүүс газар нутгаа дээдлэн домоглодог ёс энд мөн их ажээ. Олон домог сонсож хэд хэдэн аян замын шүлэг бичээд авсан гэж байгаа. Эргэж харсан буга уул, дал модонд авирч жимсийг нь авч өгснөөр бэрээ авах эрхтэй болдог, Үхрийн хушуу, Гарди арал гээд сонин домогтой газрууд их юм. Усан онгоцонд сууж баруун арал хүрч далайн усанд завиар довтолгох, шүхэрээр нисэх нөхдөө харан баясаж ховор завшааныг бичиж авсан гээд надад хийх ажил их байлаа.

Баруун арал гэдэг нь Хятад, Вьетнамын усан хилийн шугам харагдсан ганцхан уул бүхий жаахан арал энд 4000 гаруй Хан үндэстэн буюу Хятад хүмүүс амьдардаг гэхэд гайхмаар, манай аймгийн 2 сумын, эсвэл Цогт сумынхан бүгдээрээ байна гээд бодоход сэтгэлд багтамгүй санагдана. Энд Хайнаний таван амтат хоолны нэгд бичигддэг гэх цөөн тооны хар ямааг нь харлаа. Бидний очсон газар бүхэн 4-5 А-тай газрууд. Энэ нь аялал жуулчлалын  хамгийн тохиромжтой бүс гэсэн батламж юм. Ихийг үзэж олныг эргэцүүлсэн, олз омогтой ч явлаа. Улаанбаатар, Саньяа хоёрын хооронд хасах, нэмэх 50 хэмийн зөрүүтэй. Бид өвөл 11 сард шөнийн 11 цагт усан сан, далайд хэвтэж байлаа гээд ярихад хүмүүс юу гэх болоо гэж ярилцан ажил амьдралаа хүүрнэж суух сайхан байлаа. Бид гэдэг нь уснаас үхтэлээ айдаг говийн гурван өвгөн Хонгорын Санаа, Сүмбэрийн Болдоо бид гурав, манайхан бусад нь ямар ч гэсэн пүл палхийгээд нохой самрахтайгаа хүмүүс, зарим нь мундагаа мундаг. Сайхан хүмүүстэй санаа нэгтэй явах гэдэг сайхаан. Аяны дөрөө нийлсэн та бүхэндээ, МСНЭ-ийнхэндээ хязгааргүй баярласнаа дахин илэрхийлье. Биднийг үзэсгэлэнт Хайнаньд дахин хүлээж авахын шившлэг өргөн эх орноо зорих үед тэнгисийн цагаан бороо зөөлөн шивэрч байлаа. Газрын диваажин тэнгэрийн хаяа нутагт мөнхийн энх амгалан оршихын ерөөл өргөж бяцхан тэмдэглэлээ өндөрлөе.                                                                          

                                                                                  Улаанбаатар-Саньяа-Алтай

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

相关新闻