“Цөмөөхэй-2016”-д МУГЖ Д.Алтанхуяг, Жинетт Мончо нар гоцолно

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-12-16 12:37:57

Энэ удаагийн “Цөмөөхэй-2016” сонгодог бүжгийн жүжиг  үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

Тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг болон “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчин Жинетт Мончо нар гоцлох юм. Дэлхийн балетын урлагийн салбарт өндрөөр үнэлэгддэг “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчний мэргэжлийн ур чадварыг Монголчууд үзэх боломж олдож байна.

Тэрээр анх "Alfonso Pérez Isaac"-ийн Урлагийн сургуулиас балетын хичээлээ эхэлж, улмаар “Кубын үндэсний балет" сургуулийн профессор Мариа Роза Хернандез, Эстер Гарсиа, Мирта Хермида, Марта Айрис Фернандез болон алдарт Жосэфина Мэндез нарын удирдлаган дор хичээллэжээ. Тэрээр сургуульд суралцах хугацаандаа буюу 1998, 1999, 2002 онд Олон улсын балетын заах арга зүйн уралдааны алтан медаль, тус уралдааны 2000 оны мөнгөн медаль, 2001 онд урилгаар Колумб улсын Кали хотноо болсон Иберо-Америкийн Гала тоглолтод оролцон тоглосон байна.

2002 онд тэрээр “Кубын үндэсний балет” театрт алдарт Алисиа Алонсогийн удирдлаган дор ажиллах болсон бөгөөд “Кубын үндэсний балет” театрынхантай Америк, Европ, Ази, Авистрали, Египит тив зэрэг олон улс орноор аялан тоглолтод оролцон бүжиглэжээ. Тэрээр романтик болон орчин үеийн, үндэсний балетын жүжигт гоцлол дүрийг Куба болон олон улсын балетмейстеруудын удирдлаган дор дүр бүтээж, 2016 оноос “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа юм.

УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 24-25-нд болох тус тоглолтод МУГЖ Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд гол дүрүүдийг бүтээж, сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт 200-аад хүүхэд оролцох юм.

Ж.Болор

 

 

相关新闻