100 гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ“Иргэддээ туслая” нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэгүй өгч байгааг бид мэдээлсэн. Өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очир нээж хүрэлцэн ирсэн иргэдийн төлөөлөлд талархал илэрхийлсэн байна.
Энэхүү өдөрлөг нь Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм. Сүхбаатар дүүргийн прокурорынхон иргэдийн төлөөлөлд талархал илэрхийлээд мэргэжлийн байгууллагуудаас өөрт тулгамдсан асуудлаараа чөлөөтэй ярилцаж, хуулийн зөвлөгөө авахыг хүслээ. “Иргэддээ туслая” нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээнд Прокурор, Цагдаагийн байгууллагаас гадна тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Замын цагдаагийн тасгийн албан хаагчид оролцож дүүргийн 20 хорооны 100 гаруй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн байна.
Ж.Батсайхан