54 удаагийн үйлдэлтэй хулгайчдыг илрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 12 холбогдогчтой, 54 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна.
Гэмт этгээдүүд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогджээ. Тэд өдрийн цагаар үйлчилгээний төвүүдээр явж бэлэн мөнгө, бараа, гар утас зэргийг хулгайлдаг бол шөнийн цагаар харуул хамгаалалтгүй хүнсний дэлгүүрээс орлогын мөнгө, архи согтууруулах ундаа хулгайлдаг аргатай. Гурван бүлэг болж хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг насанд хүрээгүй П, Б, Т нар нь зохион байгуулдаг. Насанд хүрээгүй учир тэднийг таслан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байгаа тухай Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Б.Баярсайхан мэдээлэв. Иргэдийг өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулах, хяналтын камер байрлуулах зэргээр хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Ж.Батсайхан