БЭОТ-ийг гавъяат эмч Х.Шаравын нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-19 10:42:08

Өмнөговь аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төвийг Монгол Улсын Хүний гавъяат эмч Х.Шаравын нэрэмжит болголоо.

"Х.Шарав нь 20 гаруй шинэ арга техникийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн юм. Энэхүү гавъяаг нь залуу үеийнхэнд үлгэр дууриал болгох, түүний амжилтуудыг үргэлжлүүлэх зорилготойгоор ийнхүү БЭОТ-ийг түүний нэрэмжит болголоо" гэж аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Цэндсүрэн ярилаа.

Х.Шарав эмч нь 1965 онд АУДС-ийг дүүргэн тус аймгийн Номгон сумын хүн эмнэлгийн салбараас ажлынхаа гарааг эхэлж байсан байна. Тэрээр 41 жил эрүүл мэндийн салбарт ажиллахдаа 33 жилийг нь мэс заслын эмчээр ажиллах хугацаандаа 10 мянга гаруй хүнд мэс засал хийжээ. Мөн зүрхэнд оёдол тавих, бөөр, дэлүү, цөсний залгаасуудыг оёх, гавлын ясыг нээж цусны бүлэн авах зэрэг шинэ мэс ажилбаруудыг ажиллаж байх хугацаандаа гардан хийж байжээ.

Д.Мишигсүрэн

相关新闻