Сэтгүүлч М.Мөнхбат "Мөнгөн үзэг" цомын эзэн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн сэтгүүлчдийн "Мөнгөн үзэг" шинэ жилийн арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээний үеэр оны шилдэг сэтгүүлчээ тодруулж "Мөнгөн үзэг" цомыг гардуулсан юм. Энэхүү нэр хүндтэй анхны цомын эзнээр “UCTV” телевизийн найруулагч, сэтгүүлч М.Мөнхбат тодорлоо. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 2003 оноос өдгөө хүртэл ажиллаж байгаа юм.
МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбараас оны шилдэг сэтгүүлчдээ 3 дахь жилдээ шалгаруулж байгаа бөгөөд энэ удаагийнх нь "Мөнгөн үзэг" нэртэй цом гардаж байгаагаараа онцлог байлаа.
Мөн тус аймгийн Засаг дарга байсан Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга Б.Бадраад "Мөнгөн үзэг" цом гардуулсан юм. Өнгөрч буй 2016 онд 21 аймгийн сэтгүүлчдийг нутагтаа хүлээн авч төрийн мэдээллийг ил тод болгоход өндөр хувь нэмрээ оруулсан гэж түүнийг үнэлсэн байна. "Энэхүү оны шилдэгтээ цом гардуулах үйл ажиллагааг уламжлал болгон явуулна. Ирэх онд орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг хөндөж, түүнийгээ ажил болгож чадсан чадварлаг сэтгүүлчээ шалгаруулан цом гардуулна" гэж МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүн С.Номинцэцэг хэллээ.
Д.Мишигсүрэн