Н.Баяртсайхан: 2018 оны хоёрдугаар хагасаас эдийн засаг сэргэх хандлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-12-19 12:27:33

Монгол Улсын төсөв, санхүүгийн байдал хүндхэн байгаа энэ үед Төвбанкны байр суурь ямар байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзаж ярилцсанаа хүргэе.

-УИХ-аас Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүр баталж, Монголбанк хэрэгжүүлдэг. Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлогын онцлог, зорилтын талаар яриагаа эхлэх үү?

-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар батлууллаа. Энэ баримт бичиг нь Монголбанкнаас ирэх онд хэрэгжүүлэх бодлогын стратеги, гол зарчмуудыг тодорхойлдгоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогын зарчим, авах арга хэмжээнүүд эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулж,  аль болох богино хугацаанд тогтворжуулах, цаашлаад урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэнэ.

-2011 онд эдийн засаг тэлж, гадны хөрөнгө оруулагчдын мөнгөний урсгалыг хөрсөнд хэрхэн шингээх вэ гэдэгт эдийн засагчид ухаанаа уралдуулж байв. Гэтэл энэ өсөлт өнөөдөр замхарч, эдийн засгаа хэрхэн аврах вэ гэдэгт тулаад байна. Эдийн засгийн хүндрэл юунаас үүдэв?

-Юуны өмнө шалтгаанаа зөв тодорхойлж хүндрэлээс гарах гарцаа  хайх нь чухал. Эдийн засгийг хүндрүүлсэн хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал буюу гадаад шалтгаантай холбоотой. 2012 оны сүүлчээс эхлэн экспортын бүтээгдэхүүний үнэ буурч, Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт татарснаар эдийн засгийн идэвхжил саарсан. Хоёрдугаарт, дотоод шалтгаан эдийн засгийн хүндрэлд нэлээн  нөлөөлсөн. Тухайлбал 2013-2014 онд төсөв, мөнгөний тэлэх бодлого эрчимтэй явсан. Мөн эдийн засаг өсөлттэй үед хуримтлал бүрдүүлж чадаагүй. Үүний улмаас дотоод нөөц бололцоогоороо эдийн засгийн хүндрэлийн эсрэг төсөв, мөнгөний тэлсэн бодлого хэрэгжүүлэх боломж байгаагүй. Иймд олон улсын зах зээлээс татсан зээл, бондуудын хөрөнгөөр төсвийн гадуурх санхүүжилт хийсэн. Мөн  төсөвт тусгаагүй олон зардлууд ч нэмэгдсэн. Төвбанкны өмнөх удирдлагууд төсвийн шинж чанартай санхүүжилтүүдийг ихээр хийсэн байдаг. Ийм байдлаар эдийн засагт  их хэмжээний төгрөг нийлүүлсэн. Улмаар ханш сулрах дарамт үүсгэхэд валютын интервенц хийх замаар эргүүлэн татсан нь нөөцийг дундалсан. Гадаад валютын албан нѳѳц  4 тэрбум ам.доллараас 1 тэрбум хүртлээ буураад байна. Ийм байдлаар удаан үргэлжлэх боломжгүй гэдэг нь тодорхой болсон. Ѳѳрѳѳр хэлбэл, гаднаас авсан зээл бондуудын эх үүсвэр шавхагдаж, валютын нѳѳц буурч ханшийн дарамт ихэссэн. Ийм нөхцөлд өмнөх шиг тѳгрѳг хэвлээд эдийн засагт нийлүүлэх аргагүй болсон. Улмаар сүүлийн 2 жилд өрийн дарамт нэмэгдэх, улсын зээлжих зэрэглэл буурах, төгрөгийн ханш сулрах, чанаргүй зээл нэмэгдэх зэргээр Монголын эдийн засаг улам хүндэрлээ.

-Засгийн газар, Монголбанк  эдийн засгаа аврахын тулд маш олон арга хэмжээ авахаар ажиллаж байна. Төвбанкны зүгээс бодлогын хүүг чангаруулсныг түр зуурын арга хэмжээ хэмээн зарим эдийн засагчид тайлбарлаж байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

Үнэндээ бодлогын өөрчлөлт хийж тууштай ажиллахгүйгээр эдийн засгийн хүндрэлийг даван туулахгүй. Эдийн засгийг тогтворжуулан, тэнцвэржүүлэхгүйгээр гарах гарц хайх нь зохимжгүй. Нөгөөтэйгүүр эдийн засагт нүүрлэсэн асуудлууд удаан хугацаанд хуримтлагдаж бий болсон зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй

Үнэндээ бодлогын өөрчлөлт хийж тууштай ажиллахгүйгээр эдийн засгийн хүндрэлийг даван туулахгүй. Эдийн засгийг тогтворжуулан, тэнцвэржүүлэхгүйгээр гарах гарц хайх нь зохимжгүй. Нөгөөтэйгүүр эдийн засагт нүүрлэсэн асуудлууд удаан хугацаанд хуримтлагдаж бий болсон зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй

Бодлогын хүүг өсгөсөн шийдвэр бол валютын нөөцөө л хамгаалах арга юм. Бид байгаа нөөцөө хямгадах, хамгаалах хэрэгтэй болсон. Өргөс авсан мэт эдийн засаг  тэр дороо сайжрахгүй ээ. Монгол Улс 2017 онд нэлээн их хэмжээний гадаад өр төлбөр барагдуулна. Нөөцтэй байх хэрэгтэй. Нөгөө талаар Mонгол төгрөгийн үнэгүйдлийг зогсоох, төгрөгийг үнэ цэнэтэй мөнгө байлгах алхам байсан. Төгрөг бол үнэ цэнэтэй мөнгөн тэмдэгт байх ёстой. Тодруулбал бодлогын хүүг өсгөсѳн нь тѳгрѳгийн ѳгѳѳжийг нэмэгдүүлэхээс гадна валютын хадгаламжийг хязгаарлах зах зээлийн зарчимд суурилсан арга  байсан. УИХ-аар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг баталлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2017 оны Улсын төсөв, Мөнгөний бодлогын баримт бичгүүд ч хүчин төгөлдөр болсон. Тиймээс энэхүү үйл ажиллагааны ерөнхий чиглэл гарч,  хөрс нь бий болсон учраас ажил явуулах боломж бүрдлээ.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад гадны дэмжлэг чухал гэдгийг хүн бүр хэлж байна. Гэхдээ  дотооддоо хүндрэлийг даван туулахын тулд ямар  арга зам эрэлхийлэх нь чухал вэ?

- “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж ярьдаг. Бид аль болох дотоод нөөц боломжоо  дайчилна. Тухайлбал олон жил ярьж байгаа мега төсөл хөтөлбөрүүдээ цаг алдалгүй эхлүүлэхийг зорьж байна. Үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжихэд онцгойлон анхаарч, бодит зах зээлдээ нийцсэн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулах нь чухал. Нөгөөтэйгүүр гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, нэр хүндээ сэргээх  зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа. Хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд монголчууд бид олон улсын байгууллагууд, бусад улс гүрнүүдийн дэмжлэг  авч хамтран ажиллах нь нэг гарц юм.

-Ам.долларын ханшийг зах зээлд нь найдаж сул тавих хэрэгтэй хэмээн нэгэн бизнесмен хэлж байсан. Харин иргэд Төвбанк ханшийг тогтвортой барих хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Монголбанкны тухай хуулинд Төвбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн бодлогыг  хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх зарчим баримтална гэж заасан байдаг. Төгрөгийн тогтвортой байдал болон эдийн засгийн тэнцвэртэй хөгжил маш чухал. Валютын асар их нөөцтэй улс оронд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтмол түвшинд барьдаг. Гэхдээ энэ нь их ховор тохиолдол. Ихэнх улс оронд ханштай холбоотой асуудал үүсдэг. Монгол Улс валютын нөөц хязгаарлагдмал, зах зээлийн зарчимд тулгуурласан чөлөөт эдийн засагтай, хөрөнгийн урсгал хөдөлгөөн нь чөлөөтэй. Тиймээс валютын ханшийг тогтмол барих гэж оролдох нь зөв бодлого биш. Ханшийг байнга барих юм бол гадаад валютын нөөцөө богино хугацаанд шавхаж дуусахад хүргэнэ. Энэ нь эцэстээ огцом савлагааг үүсгэж, эдийн засгийг хүчтэй уналтад оруулах хор уршигтай. Тиймээс Монголбанк ханшийг тогтмол барих гэж оролдох нь оновчгүй хувилбар гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин богино хугацаанд үүссэн огцом савлагааг хумихын тулд шийдвэртэй арга хэмжээг авсаар байх болно.

2017 онд Монголбанк валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод байдлыг хангасан шинэ тогтолцоо бий болгохын төлөө ажиллахаар зорьж байна. Энэ нь валютын ханш огцом савлах эрсдлийг бууруулах ач холбогдолтой юм.

- Гадаад валютын албан нѳѳц  3 тэрбум ам.доллараар буурлаа гэж та хэлсэн. Валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ямар арга зам байна?

-Хангалттай хэмжээний валютын нөөцтэй байх нь чухал. Валютын дотогшлох урсгалыг сайжруулах, эдийн засагт орох хэмжээг өсгөхийн төлөө бүх улс орон ажилладаг. Тэр хэрээр ширүүн өрсөлдөөнтэй. Манай улсын хувьд экспорт нь валютын хамгийн том эх үсвэр. Үндэсний үйлдвэрлэлээ хѳгжүүлж, аялал жуулчлалаа сайжруулбал боломж бий. Түүнчлэн хөрөнгө оруулагчдад бизнес хийх таатай орчныг бүрдүүлж ѳгѳх нь валют орж ирэх нэг суваг юм.

-Монголбанк хэд, хэдэн удаа интервенц хийх замаар асуудлыг шийдэж байсан. Интервенц хийх нь тийм ч оновчтой хувилбар биш гэдгийг эдийн засагчид хэлдэг. Энэ тухайд?

-Монголбанк зах зээлд валют нийлүүлэхийн зэрэгцээ худалдан авалт хийдэг. Долоо хоногт 2 удаа валютын дуудлага худалдааг зохион байгуулж байна. Эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй  долоо хоногт 30-70 сая ам.долларыг зах зээлд нийлүүлдэг. Сүүлийн үед банк, аж ахуйн нэгжүүд валютаа Монголбанкинд худалдаж эхэлсэн эерэг хандлага бий болсон. Хувийн хэвшлийнхэн маань эдийн засаг хүндрэлтэй үед хамтдаа даван туулах алхам хийж буйд талархаж байна.

Түүнчлэн экспортод жин дардаг  зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн эерэг үзүүлэлтүүд бий болж эхэллээ.

- Монгол Улсын эдийн засгийг сахилга баттай болгоход “Стэнд бай” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байсан.  Ингэхэд ОУВС-тай хамтарч ажиллах асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-Монголбанк, Сангийн яамтай хамтран ОУВС-д захидал илгээж, хамтран ажиллах хүсэлтээ явуулсан юм. Энэ дагуу Валютын сангийн ажлын хэсэг Монголд ажилласан. Ажлын хэсгийнхэн Монгол Улсын эдийн засгийн суурь нөхцөл байдлыг судалж дүн шинжилгээ хийнэ. Үр дүнгээ төвдөө танилцуулснаар  хэлэлцээр хийх дараагийн шатанд шилжинэ. Мьянмар улсад болсон Зүүн Өмнөд Азийн Төв банкны Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр ОУВС-гийн Ерөнхий захирлын орлогч ноён Фурасаватай уулзаж, Стэнд бай хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон.

Ер нь  Монгол Улс зах зээлийн нийгэмд  шилжин орох үед туулсан 1990–ээд оны хямралд ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, Хөгжлийн банк болон олон улсын бусад байгууллагууд дэмжин ажиллаж ирсэн. 2009 оны хямралыг даван туулахад олон улсын байгууллагууд чухал хувь нэмэр оруулсныг мартах ёсгүй.  

-Дэлхийн банк, АХБ-ны эдийн засагчид Монгол Улсын эдийн засаг зөв бодлогоор явбал 2020-2022 онд сэргэх талтай гэж мэдэгдсэн. Ер нь бид эдийн засгийн хүндрэлээс хэдийд ангижрах бол?

-Улс орны амьдралд өгсөлт уруудалт ээлжлэн үргэлжилдэг. Монголын эдийн засаг  хүндхэн сорилт, шалгууртай нүүр тулж байна. Монголчууд ямар ч бэрхшээлийг даван туулах  чадвар өндөртэй хүмүүс. Тэр утгаараа бид энэ хямралыг туулж гарч чадна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлийг зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээр давах боломжгүй. Төсвийн болон мөнгөний бодлогын уялдаа, зөв хослол, тууштай байдал  тогтвортой өсөлтийг хангах нь чухал. Тѳр засгаас гадна, эдийн засгийн хѳдѳлгѳгч гол хүч нь хувийн хэвшлийнхэн. Тэдний оролцоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах гол хөшүүрэг юм. Тиймээс төрийн байгууллага хувийн хэвшлийнхэн, иргэдийн хамтын ажиллагааны үр дүнгээр хүндрэлээс гарах боломжтой.  2018 оны хоёрдугаар хагаст эдийн засаг сэргэх хандлага  бий.

 Б.Заяа

相关新闻