Нутгийн бүтээгдэхүүнээр ширээгээ засахгүй бол Засаг дарга баярт оролцохгүй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-20 02:59:47

Завханы Засаг дарга аймагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг дэмжиж хэрэглэхийг энэ долоо хоногийн эхний өдрийн ээлжит уулзалтаар байгууллагын дарга удирдлагуудаас хүслээ.

Учир нь аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн орон нутагт үйлдвэрлэсэн болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх тухай захирамжийг гаргасан билээ. Энэхүү захирамжийн биелэлт хангалтгүй байгааг онцгой анхаарч байгууллагын дарга нарыг ямар нэгэн баяр ёслол тэмдэглэлт өдрүүдийн баярын ширээгээ орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр засахыг үүрэгджээ. Төрийн болон, ААН байгууллагын дарга нар нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл гарган ажиллаж, энэ захирамжийн биелэлтийг байгууллагынхаа түвшинд төдийгүй, найз нөхөд, гэр бүлийнхээ түвшинд ч хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа. Мөн энэ үеэр Завхан аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр ширээгээ засаагүй аливаа байгууллагын баяр ёслол, үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга оролцохгүй гэдгээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл байгууллагуудаас гарч буй зардал Завхан аймагт баялаг болж үлдэх ёстой гэдгийг тэрээр онцолсон юм.

Б.Мягмарсүрэн

相关新闻