Бүртгэлийн мэдээллээ энэ сарын 25-наас өмнө баталгаажуулах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-12-20 11:49:17

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ хуулийн дагуу 20 хүртэлх хувийн буцаан олголтоо авах бүртгэлийн мэдээллээ 12 дугаар сарын 25-наас өмнө баталгаажуулахыг татвар төлөгч иргэдэд сануулж байна. 

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хуулийн дагуу татвар төлөгч иргэнд худалдан авсан бараа, ажил үйлчилгээний татварын 20 хүртлэх хувийг төрөөс буцаан олгох шийдвэр гарсан. Уг урамшуулал нь хоёр хэлбэртэй байх бөгөөд иргэдэд НӨАТ-ын 20 хүртлэх хувийг буцаан олгох, түүнчлэн худалдан авсан төлбөрийн баримтаараа сугалааны тохиролын урамшуулалд мөн давхар хамрагдах боломжтой. Сугалааны хувьд өнгөрөгч ням гарагт буюу энэ сарын 18-нд 2016 оны сүүлийн тохирлоо явуулж дууссан. 
Харин буцаан олголтыг ирэх 2017 оны 1 дүгээр улиралд багтаан иргэдийн дансанд шилжүүлэх чиглэл өгөөд байгаа юм. Татвар төлөгч иргэн буцаан олголтоо авахын тулд www.ebarimt.mn сайтад өөрийн бүртгэлээ үнэн зөв хийсэн, баталгаажуулсан байх шаардлагатай. Тодруулбал хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголт авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн бол дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй юм юм. Хамгийн чухал энэ сарын 25-наас өмнө www.ebarimt.mn сайтад нэвтэрч, өөрийн бүртгэлээ дахин хянаж баталгаажуулах шаардлагатай. 

Ингээд буцаан олголт, урамшуулалтай холбоотой зарим асуултад Гааль Татварын Мэдээллийн Технологийн Төвөөс өгсөн хариултыг хүргэж байна. 

-Урамшуулал гэж юу вэ ?
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 07 сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар батлагдсан бөгөөд уг хуулиар эцсийн хэрэглэгч буюу албан татвар төлөгч иргэн та худалдан авсан бараа, ажил үйлчилгээнийхээ 20 хүртлэх хувийг төрөөс буцаан олгох шийдвэр гарсан. Уг урамшуулал нь хоёр хэлбэртэй байх бөгөөд иргэдэд НӨАТ-ын 20 хүртлэх хувийг буцаан олгох, түүнчлэн худалдан авсан төлбөрийн баримтаараа сугалааны тохиролын урамшуулалд мөн давхар хамрагдах боломжтой юм.

-Урамшуулалд хэн хамрагдах вэ ?
-Урамшуулал нь зөвхөн эцсийн хэрэглэгч буюу албан татвар төлөгч иргэд хамрагдана.

-Урамшуулалд яаж хамрагдах вэ ?
-Албан татвар төлөгч иргэн та нэгдсэн системд холбогдсон худалдаа үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээд, иргэнээс худалдан авалт хийхдээ төлбөрийн баримтаа заавал нэхэж авах ёстойг анхаараарай. Нэгдсэн системд холбогдсон худалдаа эрхлэгчийн бүртгэлийн машин, төхөөрөмжөөс төлбөрийн баримт хэвлэж өгнө.

-Урамшуулал авахад юу хангасан байх ёстой вэ?
-Та цахим татварын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орж сугалаа гэсэн цэсэд байрлах баримт бүртгүүлэх цонхонд Баримтын ДДТД / Дахин Давтагдашгүй Төлбөрийн Дугаар /, худалдан авалтын үнийн дүнгийн хамт оруулан баримтыг бүртгүүлнэ.

-НӨАТ-ын татварын 20 хүртлэх хувийг хэрхэн буцаан олгох вэ ?
•    1. НӨАТ-ын урамшууллын нэгдсэн системд холбогдсон ААН, борлуулагчаас худалдан авсан бараа, үйлчилгээ бүрт сугалааны дугаар бүхий төлбөрийн баримтыг бүртгэлийн төхөөрөмжөөс хэвлэж өгнө.
•    2. Нэгдсэн системд холбогдсон НӨАТ суутган төлөгч болон суутган төлөгч бишээс үл хамаарч худалдан авалт бүрээсээ сугалаа авах боломтой.

-НӨАТ-ын урамшуулал, буцаан олголтоо хэрхэн авах вэ?
www.ebarimt.mn цахим хуудсын хэрэглэгчийн мэдээлэл хэсэгт бүртгүүлсэн төлбөрийн баримтуудыг үндэслэн таны бүртгүүлсэн арилжааны банкны дансаар урамшууллыг дараа оны 1 дүгээр сард олгоно.

Н.Туяа

相关新闻