"Нутгийн Зөвлөл”-ийн нэрэмжит барилдаанд Баян сумын Ц.Алтансүх түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВУлаанбаатар хот дахь Төв аймгийн Зуунмод сумын нутгийн зөвлөлөөс сумын 2016 оны аварга шалгаруулах 7 дахь удаагийн уламжлалт барилдааныг энэ сарын 17-нд зохион байгууллаа.
"Нутгийн Зөвлөл”-ийн нэрэмжит тус барилдаанд 14 сумын, сумын заан цолтой 30 бөх 4 хэсэгт хуваагдан тойргоор барилджээ.
Барилдаанд Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Ц.Алтансүх түрүүлж Зуунмод сумын 2017 оны аваргаар шалгарсан бол Баянжаргалан сумын харьяат сумын заан М.Жамсрандорж үзүүрлэсэн байна. Харин Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат сумын заан У.Чойжилсүрэн удаах байранд шалгарсан байна.
Түүнчлэн уламжлалт барилдаан шинэ оны өмнөхөн зохион байгуулагдаж байгаа нь шинэ ондоо залуу бөхчүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чансааг ахиулах зорилготой зохион байгуулсан гэдгийг онцолсон юм. Мөн Төв аймгийн Зуунмод сумын ҮБ-ийн холбоо болон “Манзуширийн хүчтэн” дэвжээнээс Зуунмод сумын ИТХ-тай хамтран ирэх оны нэгдүгээр сарын найманд болох Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол бөхийн барилдааныг явуулна гэдгээ зохион байгуулагчид дурдсан юм.
Т.Есүхэйтөмөр