Дундговийн дөрвөн сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Дэлгэрцогт сумын Цахиурт багийн Хонгор хэмээх газар хонины цэцэг өвчний голомт үүссэн тул сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм өнгөрөгч пүрэв гарагаас эхлэн үргэлжилж байна.
Голомтын бүс дэхь хоёр өрхийн 700 шахам малыг вакцинжуулж, хорио цээрийн дэглэмд сумын ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байгааг ОБХ-ээс мэдээллээ.
7-10 дугаар сард Дундговь аймгийн 6 сумын нутаг дэвсгэрт хонины цэцэг өвчний голомт үүсч, хорио цээрийн дэглэм тогтоож байсан. Дөнгөж сар гаруйхан хугацаанд өвчин намжмал байсан бол энэ сар гарсаар даруй 4 суманд өвчний голомт дахин үүсээд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн Дэрэн, Баянжаргалан, Эрдэнэдалай, Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэрт цэцэг өвчний 5 голомт үүсээд байгаа бөгөөд голомтын бүсэд 280 гаруй хонь өвчилснөөс 107-г нь устгасан байна.
Цэцэг өвчний тархалт буурахгүй байгаатай холбогдуулан отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнийг зогсоох, дор бүрнээ хяналт тавьж ажиллах шаардлагатайг сумын Засаг дарга нарт Онцгой комиссоос сануулж байгаа юм. Мал оторлолтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэхээр онцгой комиссоос 3 ажлын хэсэг энэ долоо хоногт ажиллах юм байна.
Т. Отгонтуяа