Хотын захирагчийн ажлын албаны хамт олонд гэнэтийн бэлэг барилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Хотын захирагчийн ажлын албаны хамт олонд нэгэн гэр бүлээс гэнэтийн бэлэг барьжээ.
Тус аймгийн БОЭТ-ийн түргэн тусламжийн их эмч Б.Мягмарсүрэн, түүний эхнэр "Энхийн хүслэн" өрхийн эрүүл мэндийн төвийн эмч А.Хонгорзул тэдний охин М.Мандахнар нар ийнхүү тэднийг баярлуулсан байна. Хотынхоо иргэдийн цэвэр цэмцгэр ая тухтай амьдралын төлөө цаг нар, хүйтэн халууныг ч үл огоорон хөдөлмөрлөдөг тэдний ажлыг ингэж ойлгон үнэлсэнд тус хамт олон баярлаж байгаагаа хэллээ. Бидний ажлыг дэмжиж урам зориг өглөө гэж тэд талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Өвлийн хүйтэнд гадаа талбайд ажилладаг тэдэнд халуун буцалгаа, шинэ жилийн бэлэг амтат бялуу, оргилуун дарсны хамт өгчээ.
Тус албанд 95 ажилтан байдаг бөгөөд тэдний 20 нь зам талбайн үйлчлэгч, хог хаягдлын 11 жолооч, 20 ачигч, 3 ялгагч байдаг ажээ.
Д.Мишигсүрэн