Бүтээл арвинтай иргэддээ төрийн дээд одон медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-02 23:30:25

Өмнөговь аймгийн 41 иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 170 тоот зарлигаар төрийн дээд одон медалиар шагнууллаа.

Уг шагнал гардуулах ёслол шинэ оны босгон дээр аймгийн Нутгийн удирдлагын ордонд  болж аймгийн удирдлагууд улс эх орныхоо төлөө хөдөлмөрлөсөн шилдэг иргэдэд шагналыг нь гардуулжээ. Тухайлбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дэлхийн нүүдэлчин уугуул иргэдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, аймгийн "Монгол говь" нүүдэлч малчдын холбооны тэргүүн С.Мааманхүү, ЭМГ-ын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Дэлгэрсайхан нарын дөрвөн хүн шагнуулсан байна. Мөн Цэргийн гавьяаны одонгоор Цагдаагийн газрын ахлах байцаагч Д.Гэрэлт-Од, өндөр настан Т.Нялхбаатар нар шагнуулж аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нараас шагналаа гардлаа.

Шагнал гардуулах үеэр төрийн дээд шагнал хүртсэн нийт иргэддээ Өмнөговьчуудынхаа өмнөөс баяр хүргэж,  ирж буй 2017 ондоо амжилт бүтээлээр арвин тансаг, ажил үйлс нь бүтэмжтэй сайхан байхын өлзийтэй ерөөлийг аймгийн удирдлагууд өргөн дэвшүүллээ.

Д.Мишигсүрэн

相关新闻