2003 оноос хойш Дундговийн хүн амын 23 хувь өмчийн газартай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-03 19:18:22

Газар өмчлөлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2003 оноос хойш одоогийн байдлаар Дундговь аймгийн нийт хүн амын 23 хувь нь газар өмчилж авсан байна. Тодруулбал, 10 мянга 126 иргэн 862.66 га газар өмчилжээ.

Газар өмчлөл аймгийн төвийн Сайнцагаан суманд бусдаас өндөр хувьтай байна. Тус сум 14 мянган иргэнтэй. Үүнээс 5930 гаруй иргэн буюу 42 хувь нь газраа өмчлөөд байгаа бол хөдөөгийн сумдаас Эрдэнэдалай, Өндөршил, Говь- Угтаал суманд газар өмчлөл ахиу хувьтай байгааг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Т. Саранзул хэллээ.

Аймгийн төвд иргэдэд өмчлүүлэх газрыг улсын чанартай авто зам дагуулан 0.7 га- гаар, баруун зүүн гэр хорооллын зах руу 900 м.кв хэмжээтэйгээр олгож байгаа бөгөөд улсын чанартай авто зам дагуу 1900 гаруй иргэнд 137 га газрыг өмчлүүлсэн байна. Иргэдэд  өмчлүүлсэн газар аймгийн төвөөс гадагш 5 км- ийн радиуст тэлжээ.

Газар өмчлөл үргэлжилсэн 13 жилийн хугацаанд Дундговь аймагт хамгийн олон буюу 1500- 1600 иргэн газар өмчилсөн жил нь 2005, 2015, 2016 он болж байна.

Одоогоор ихэнх сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө хараахан батлаагүй байгаа тул энэ онд тус аймгийн хэдэн иргэн хэдий хэр хэмжээний газар өмчлөх нь тодорхойгүй байна. Харин аймгийн төвийн Сайнцагаан сум энэ онд1850 иргэнд 153.13 га газар өмчлүүлэхээр төлөвлөжээ.

Т. Отгонтуяа           

 

 

相关新闻