Эрдэнэдалай сумын хонин сүрэгт 240 мянган тун вакцин тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХонины цэцэг өвчний голомт үүсч хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа Эрдэнэдалай суманд цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт эхлээд гурав хонож байна. Энэ хугацаанд 14 мянга 500 гаруй хонинд вакцин тариад байгааг Эрдэнэдалай сумаас мэдээлж байна.
Тус сум 220 гаруй мянган толгой хонин сүрэгтэй. Үүн дээр тус сумын нутаг дэвсгэрт оторлож буй хориод мянган хонь бий бөгөөд бүх хонийг вакцинжуулалтад хамруулахаар 240 мянган тун вакциныг тус суманд хуваарилсан. Вакцинжуулалтыг 8 хэсэг тус бүрт нэг малын эмч нийт 17 туслах ажилтны хамтаар хийж байгаа ажээ.
Тус сумын Сангийн далай, Рашаант багт өвчний голомт үүсээд байгаа бөгөөд хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд тавь гаруй өрхийн 14 мянга 300 гаруй хонь байна. Одоогийн байдлаар 7 өрхийн 64 хонийг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийжээ.
Т. Отгонтуяа