Мэргэжлээрээ 30 жил ажилласан шүүгч ерөнхий шүүгчээр томилогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-09 21:19:35

Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ё.Бямбацэрэн томилогдон ажиллаж байна.

Шинэ он солигдох заагт ажлаа хүлээн авсан тэрээр улсад мэргэжлээрээ 30 жил ажилласан, ерөнхий шүүгчээр 3 дахь удаагаа томилогдож байгаа бөгөөд "Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймагт ажиллах болсондоо баяртай байна, цаашдаа шүүхийн шинэчлэлийг бататган бэхжүүлэх үйлсдээ амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн ярилаа.

Ё.Бямбацэрэн шүүхэд ажиллах сүүлийн 17 жилийн хугацаандаа шүүн таслах үйл ажиллагааны чанарыг байнга ахиулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах,  хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, бэрхшээлтэй асуудлыг арилгах, шүүхийг ил тод нээлттэй байлгах зорилгоор сумдад нээлттэй хаалганы өдөр хэлэлцүүлэг, шүүхийн шинэтгэлийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, шүүхийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажилласаар ирсэн туршлагатай шүүгч ажээ.

                                                                                                                                                                               П.Батням

相关新闻