Өмнөговийн хоёр сум хамтран ажиллахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Булган, Ханбогд сумынхан хамтран ажиллахаар болсон байна.
Булган сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Н.Хүрлээ хамтран ажиллах саналыг Ханбогд сумын удирдлагуудад тавьжээ. Булган сум нь аймагтаа газар тариалангаараа тэргүүлдэг бөгөөд улсдаа улаан лоолиороо алдартай юм. "Уг сумын саналыг бид хүлээн аваад цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулахаар боллоо" гэж Ханбогд сумын ИТХ-ын дарга Ш.Эрдэнэжаргал хэллээ.
Ханбогд сум нь аймагтаа тэмээнийхээ тоогоор тэргүүлдэг бөгөөд 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 25644 толгой тэмээ тоолуулсан байна.
Энэ хоёр сум хамтран ажилласнаар сумдынхаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэх болон туршлага судлах, хамтын бизнес эрхлэх, хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх эхлэлийг тавих ажээ.
Д.Мишигсүрэн