Тэрбумаар яригдах хөрөнгө шингээсэн Сүм Хөх Бүрдийг хэрхэн ашиглах вэ?
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Адаацаг сумын нутаг Сүм Хөх бүрдийн нуурыг сэргээж аялал жуулчлалын цогцолбор болгоно хэмээн орон нутгийн хөгжлийн сангаас 1.2 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан. Энд хийсэн бүтээн байгуулалт дуусч, өнгөрсөн намар ашиглалтад хүлээн авсан бөгөөд харин үүнийгээ хэрхэн ашиглаж, аялал жуулчлалыг татах вэ гэдэг төлөвлөгөө одоогоор алга байгаа юм.
Энэ тухайд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээс тодруулахад, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалт учраас орон нутгийн өмчид авч, одоогоор Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-т хариуцуулж өгсөн. Бизнес төлөвлөгөө нь хийгдэж байгаа гэсэн хариултыг өгөв.
Анх Сүм Хөх бүрдийн зөвхөн нуурийг сэргээх, ингэснээр он цаг улирах тусам хувьсаж байгаа байгаль цаг уурын өөрчлөлтөөс унаган төрхийг нь хадгалж үлдэх арга болно гэдгийг хамгийн чухлаар ярьж байсан юм. Энэ нь яваандаа нуурыг сэргээгээд аялал жуулчлалын цогцолбор болгох тухай асуудал болж, орон нутгийн хөгжлийн сангаас ийнхүү тэрбумаар яригдах хөрөнгийг зарцуулахаар болсон. Сүм Хөх бүрдийн бүтээн байгуулалтыг сайшаах иргэд байхад нуурын намгийг ухан завины зам гаргаж, түүх соёлын дурсгал болон хадгалагддаг балгасны дэргэд барилга барьсан зэргээр эл бүтээн байгуулалт унаган төрхийг нь хэтэрхий алдагдуулсан хэмээн шүүмжлэх иргэд ч байгаа юм. Энэ бол тийм ч шаардлагатай бүтээн байгуулалт биш гэдгийг тухайн үеийн аймгийн ИТХ- ын зарим төлөөлөгч ч илэрхийлж байсан.
Гэвч одоо бүтээн байгуулалт дууссан. Хөрөнгө зарчихсан. Нэгэнт тэрбумаар яригдах их хэмжээний хөрөнгө шингэчихсэн учраас Сүм Хөх Бүрдийг аялал жуулчлалын бүс болгон үр ашигтай ашиглах бизнес төлөвлөгөө зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Үүнд орон нутгийн сонгуулиар гарч ирсэн шинэ удирдлагууд анхаарал хандуулах ёстой гэж иргэд харж байна.
“Урсгал зардал ихтэй болж байгаа. Энэ зардлыг нөхөх тухай эхний ээлжинд бодох ёстой. Тэгж байж өөрийн өртгийг нөхөх үр ашгийг ярих хэрэгтэй болно. Ямартаа ч бизнес төлөвлөгөөг хийж эхэлсэн” гэж Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлж байна.
Т. Отгонтуяа