Архинд хордсон хохирогчдын цуснаас метилийн спирт илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-23 16:04:16

Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх зөвлөлийн хурал өнөөдөр 14:00 цагаас "Хангарьд" ордонд боллоо. Хурлын  дараа  архинд хордсон иргэдийн талаар болон архи, согтууруулах ундаа худалдан борлуулаагүй гурав хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Шинжилгээний эхний дүгнэлтээр нас барсан иргэдийн цуснаас метилийн спирт илэрчээ.

Тэд "Гайхмаараа" шил цэвэрлэгч шингэнээс хордсон байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. ШШҮТ-ийн ажилтны мэдээлснээр шинжилгээний нарийвчилсан хариу удахгүй тодорхой болно. Эхний удаа архинд хордсон хохирогчдын цусыг шинжлэхэд метилийн спирт илэрсэн. Одоо үргэлжлүүлэн эсийн шинжилгээ хийж байна. Эцсийн хариу гарах арай болоогүй байгааг онцлов. 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “НИТХ-ын Тэргүүлэгчдийн 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр цагдаагийн 2,873 алба хаагч, олон нийтийн цагдаагийн 783 ажилтан ажиллаж, 18,341 аж ахуйн нэгж байгууллага, 5,731 иргэнийг шалгасан. Шалгалтаар 165 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 6,025 мэдэгдэл өгч, 71 зөрчил илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд өмнөх 21 хоногтой харьцуулахад гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13.4 хувиар буурсан. Тогтоол хэрэгжсэн 3 хоногийн мэдээг өмнөх оны мөн үе болон өмнөх 7 хоногтой нь харьцуулахад гэмт хэргийн гаралт, зөрчил, архидан согтуурч саатуулагдсан хүний тоо эрс багассан үзүүлэлттэй байна. Тухайлбал, гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 61.9, өмнөх 7 хоногтой харьцуулахад 21.8 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна” гэж мэдээллээ. Мөн “Хүнсний аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар энэ сарын 17-20-ны өдөр нийт 465 улсын байцаагч, ажилтан, албан хаагч ажиллан, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд давхардсан тоогоор архи, согтууруулах ундаа худалддаг 9,672, нийтийн хоолны 3,086 байгууллагад хяналт шалгалт хийж, ИТХТ-ийн тогтоолыг танилцуулан, архи согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчлийг арилгуулан ажиллав” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ. Ийнхүү архины хор уршиг ямар байдалтай байгааг судлан шинжилж цаашид авах арга хэмжээнд өнгөрсөн өдрүүдийн архины хордлого болон архи, согтууруулах ундаа худалдахыг түр хориглосон шийдвэрүүд нөлөө үзүүлнэ гэдгийг албаныхан мэдэгдэв.

Ж.Батсайхан

 

相关新闻