Б.Мөнх-Эрдэнэ:Дүү нараа ирээдүйд улсын уралдаанд оролцоход нь бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Хайрхан сумын 12 жилийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 12б ангийн сурагч, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны Намчин багшийн нэрэмжит шагналт Бат-Эрдэнийн Мөнх-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг хүргэе.
-Чиний эсгий шармал бүтээл хүмүүсийн сонирхлыг их татсан байсан? Санаагаа яаж олсон юм бэ?
-Эзэн богд Чингис хааны маань угсаа гарал нь юу билээ гэж бодож үзээд Бөртэ Чоно, Гуа Марал, алтан Гэрэгэ, тамга зэргийг бүтээлдээ шингээж өгч, зурж шарсан байгаа. Тэмцээн маань өөрөө “Монголын сайхан бичигтэн” байсан учраас Монгол бичгээр хоёр талд нь Чингис хааны “Алтан бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай” гэж хэлсэн үгийг бичсэн. Ингэж бичихдээ угалзан, калиграф, таталган гээд монгол бичгийн бүхий л төрлөөр бичсэн дээ.
-Бүтээл хэрхэн бий болов оо?
-Санаагаа олчихоод Улаанбаатар хотоос 2 метр цагаан эсгий захиалж авсан. Тэгээд эсгий дээрээ зураг бичвэрээ зурсныхаа дараа дагуулж гагнуурын алхаараа шарсан даа.
-Бяцхан зардал гарчээ дээ?
-Бас ч гайгүй шүү. Эсгийгээ л хотоос авсан. Гагнуурын алх нь надад байсан юм. /инээв/
-Бүтээлээ хийж байх явцад хүндрэл хэр байсан бэ? Хиншүү хярвас их гарна биз дээ?
-Шарахад урдаас хиншүү цоргих нь л хэцүү байсан. Тэгээд л ханиалгана, хоолой хорсоно. Дараа нь хэд хоног ханиаднаас салаагүй шүү.
-Бүтээлээ ганцаараа хийсэн үү?
-Ангийнхаа найз Лхагвабаатартай хамтарч хийсэн. Ааваасаа дэмжлэг авсан. Мөн бичвэр талаасаа монгол хэлний багш нараасаа тус авсан. Энэ ярилцлагаар дамжуулаад тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярласнаа илэрхийлье.
-Хамтын бүтээл гэдэг ч сайхан шүү?
-Тэгэлгүй яахав. Бие биедээ зааж, сургаж, суралцаж, асууж, зөвлөнө. Хоёр хүн хийсэн болохоор ганцаараа хийхээс хамаагүй илүү, бүтээл маань ч их хурдан гараас гарсан.
-Эсгий шармал бүтээл хэр том бэ?
-1.2х2 метрийн хэмжээтэй бүтээл байгаа.
-Хэд хоногийн хугацаанд хийсэн бэ?
-Бид хоёр санаагаа олчихоод, яг долоо хоногийн хугацаанд хийж дуусгасан.
-Чиний дараагийн тэмцээн юу байна?
-Одоо аймгийн хэмжээнд нэг байна даа. Ер нь Монгол бичгийн тэмцээн уралдаан цөөн зохиогддог шүү дээ.
-Чи өөрөө Монгол хэл, бичигтээ хэр сайн бэ?
-Манай Архангай аймгийн Хайрхан сум бол улсдаа монгол бичгээрээ тэргүүлдэг. Тийм болохоор би ч тэр, бусад хүүхдүүд ч гайгүй шүү. /инээв/
-Уйгаржин монгол бичгийг сонирхож судалдаг, бас заалгах хүүхдүүдэд юу хэлмээр байна? Бас Монгол бичгийн улсын уралдаанд орохоор бэлдэж байгаа хүүхдүүдэд...?
-Ер нь үндэснийхээ хэл бичгээр бүтээл хийгээд улсын уралдаанд оролцох гоё. Үнэхээр сайхан. Тийм учраас Монгол хүн л юм чинь уйгаржин монгол бичгээ сайн заалгаад, судлаад, амьдралдаа байнгын хэрэглээтэй байгаарай гэж хэлмээр байна.
-Чи өөрийнхөө ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Мэдээж дээд боловсролтой болно. Би соёл урлаг тал руугаа мэргэжлээ сонгосон байгаа. Гэхдээ Монгол бичгээ хаяхгүй ээ. Янз бүрийн уралдаанд оролцоод явна, сайн судална.
-Монгол бичгээ цааш нь түгээх тал дээр ямар хандлагатай байдаг вэ?
-Дүү нартаа эх уншиж өгч, гаргахгүй байгаа үг өгүүлбэрийг хэлж өгөх, нөхцөл, дагаврыг яаж залгах, хэрхэн гоё бичих зэргээр чамгүй л хэлж өгдөг юм. Надаас асуух ч хүүхдүүд бий. Бас монгол хэлнийхээ багш нараасаа тус аваад өөрөө ч туслаад гэртээ дүү нараараа шармал хийлгэж байна. Ирээдүйд улсын уралдаанд оролцоход нь бэлтгэж байна гэхүү дээ.
-Үе тэнгийхэндээ хандаж үг хэлэх үү?
-Үндэсний хэл бичиг соёлоо сайн сураад, судлаад түгээн дэлгэрүүлээрэй. Ирээдүйг өнгөлсөн ажилсаг, хөдөлмөрч, мэдлэгтэй иргэд болж төлөвшөөрэй гэж хүсэх байна даа.
Б.Гэрэлт-Од