БНСУ-ын эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-20 15:51:36

Архангай /МОНЦАМЭ/. БНСУ-ын Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн эмч, мэргэжилтнүүдийн баг Архангай аймгийн төв болон Эрдэнэмандал сумын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, эмийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.  Энэхүү эмнэлгийн үйлчилгээ нь ирэх 7-р сарын сүүлээр Архангайд ирэх аж.

“Архангайн хөгжлийн төлөө” ТББ дээрх арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд шүд, эмэгтэйчүүд, үе мөч, хүүхэд, дотор, мэдрэл зэрэг чиглэлүүдээр 40-80 эмч, мэргэжилтэн ирэх юм байна. Долоодугаар сар нь зуны амралтын улирал учраас аймгийнхаа ард иргэдийг амралтаа зохицуулж, болж өгвөл үзлэг шинжилгээнд хамрагдуулахыг Солонгосын тал хүсч байгаа гэнэ.

Цаашид БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгэмлэгээр дамжуулан зайлшгүй хагалгаа эмчилгээ шаардлагатай хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр Солонгост эмчлэх, том хүнийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр оношлох зэрэг үйлчилгээг үзүүлж болох юм байна. Мөн Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч нарыг туршлага судлуулж, сургалтад хамруулах, сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бэлэн байгаагаа БНСУ-ын нээлттэй эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Ку Бёон Сок хэлж байлаа.  

БНСУ-ын Нээлттэй эмч нарын нийгэмлэг, “Архангайн хөгжлийн төлөө” ТББ, МУЗН зэрэг 5 байгууллагын хамтран ажиллах гэрээнд Монгол Улсад 20 жилийн өмнөөс хүмүүнлэгийн шугамаар үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсээр иржээ.

Энэ жилийн тухайд БНСУ-ын Нээлттэй эмч нарын нийгэмлэгийн 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Архангай, Дорнод аймгуудад энэхүү хүмүүнлэгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.  

Б.Гэрэлт-Од

相关新闻