“Хөдөөгийн хүчтэн-2017”-д “Харцагууд” тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Хөдөөгийн хүчтэн-2017” бөхчүүдийн бооцоот сагсан бөмбөгийн тэмцээн болж дүнгээ гаргалаа.
Аймагтаа анх удаа зохион явуулсан тус тэмцээнийг аймгийн БТСГ, Үндэсний бөхийн холбоо, Сагсан бөмбөгийн холбоо хамтран Завхан аймагт биеийн тамирын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан зохион байгуулжээ. Энэхүү тэмцээнийг спортын өөр төрлөөр бөхчүүдийн амжилт ололт, үлгэр дуурайллыг сурталчлах, хамтын удирдлага, багийн зохион байгуулалтыг сайжруулах, орон нутаг дахь мэргэжлийн холбоодын бодлого, үйл ажиллагааг сурталчлах зорилгоор зохион явуулжээ.
Тэмцээнд сумын начинаас аймгийн хурц арслан цолтой бөхчүүд оролцож таван багийн 70 шахам тамирчид өрсөлджээ. Багууд 500 мянган төгрөгний бооцоо тавьж тэргүүн байрыг “Харцагууд”баг эзэлж удаахь байруудад “Заанууд”, “Гарьд” багууд орж мөнгөн шагналын эзэд болжээ.
Тус тэмцээнд 19-52 насны аймаг сумын цолтой бөхчүүд оролцсон бөгөөд жил бүр уламжлал болон зохиогдох ажээ.
Б.Мягмарсүрэн