Цагаан сарын баяраа архигүй тэмдэглэхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас сар шинийн баяраа архигүй тэмдэглэхийг иргэддээ уриалж байна.
Иргэд ямар нэгэн баяр ёслолын үеэр нэгнээ архиар шахдаг асуудлыг зогсоох хэрэгтэйг цагдаагийн ажилтнууд сануулж байна. Мөн шимийн архийг ил задгай, ямарч зөвшөөрөлгүй газар зарж байгаад хяналт тавих ажээ.
"Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд архи гэдэгт шимийн архийг оруулан зөвшөөрөлгүй зарахыг хориглосон байдаг. Архи зарахыг тусгай зөвшөөрлөөр олгодог, гэтэл шимийн архийг гудамж талбайд ил зарж байгааг таслан зогсоох шаардлагатай болж байна. Гэхдээ бид хурааж авч устгах гэхээсээ өмнө иргэддээ анхааруулж байна" гэж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Д.Гэрэлт-Од ярилаа.
Мөн тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүд борлуулалт хийх цагаас хэтрүүлэн архи худалдаалах, Засаг даргын захирамжаар лхагва гарагт согтууруулах ундаа худалдаалахыг хориглосныг мөрдөх хэрэгтэй байгааг онцоллоо.
Д.Мишигсүрэн