Хандивын барааг эздэд нь хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-22 13:35:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Малчдад туслах сайн санааны аян”-д цугларсан эд материал, малын тэжээл хуваарилах ажил Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр, Баруунбүрэн сумдад зохион байгуулагдлаа. Дээрх сумдад тус бүр 10 тн тэжээл, зарим эд материал, малын нэмнээ зэргийг хүлээлгэж өгчээ.

Энэ жил Сэлэнгэ аймгийн 17 сумын 55 багийн 9600 гаруй малчин өрхөд 1.6 сая толгой мал өвөлжиж байгаа. Аймгийн хэмжээнд 8 сум зудын байдалтай, 2 сум зудархуу байдалтай байгаа юм. Иймээс аймгийн удирдлагуудын зүгээс өвлийг харьцангуй хохирол багатай даван туулахын тулд бодлогын хүрээнд эртнээс нөөцөө базааж ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар харьцангуй хүндрэл багатай даван туулж сар шинэтэйгээ золгож байна.   

ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэнгийн санаачилгаар хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян” өрнөж байгаа билээ. Энэхүү аянд улсын хэмжээнд 84 аж ахуйн нэгж, иргэн нэгдэж 300 гаруй сая төгрөгийн бараа материал цуглуулжээ. Өвөлжилт хүндрэлтэй байгаа газарт хандиваар цугларсан бараа материалыг хүргэж өгөх ажлыг өнгөрсөн 7 хоногт ХХААХҮЯ-наас Улсын хэмжээнд зохион байгууллаа.

Монгол Улсын хэмжээнд 2-р сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас 15 аймгийн 73 сум 21-50 см зузаан цастай цасны нягт 0.12-0.40г/см3 буюу зудтай, 14 аймгийн 73 сум 0-9 см зузаан цастай, цасны нягт 0.09-0.29 г/см3 буюу зудархуу зэрэглэлд байна гэсэн мэдээлэл байгаа юм.

Ч.Отгонцэцэг

相关新闻