Үзэсгэлэн худалдаагаар 15 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-22 13:37:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих, чанартай, эрүүл хүнсийг ард иргэддээ хүргэх, хүнсний эрүүл байдлыг хангахад түлхэц өгч, баялаг бүтээгчдээ нэг талаас дэмжиж “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн 16 сум оролцсон юм. Эдгээр сумдаас нийт 95 аж ахуйн нэгж, иргэн 140 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож, 15 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газраас хамтран зохион байгуулсан энэхүү үзэсгэлэн худалдаанд цагаан идээ, ноос ноолууран бүтээгдэхүүн, эсгий болон сүлжмэл эдлэлүүд, мөн шүр сувдан бэлэг дурсгалын зүйл нэлээд боруулалттай байлаа. Монгол түмний үндэсний их баяр “Цагаан сар” угтсан аймагтаа үйлвэрлэсэн бүтээгдэхүүний энэхүү үзэсгэлэн худалдаа аймгийн төв Сүхбаатар хотын Олон Улсын худалдааны төвд гурван өдрийн турш зохион байгуулагдлаа.

 Ч.Отгонцэцэг

相关新闻