Сэлэнгэ аймгаас “Алтан хурганы эзэн”-ээр хоёр малчин тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-22 13:38:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, МҮОНР-тай хамтран 1961 оноос хойш тасралтгүй өнөөдрийг хүртэл 46 дахь жилдээ зохион байгуулж байгаа  “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан хурганы эзэн”-ээр Сэлэнгэ аймгийн хоёр малчин тодорчээ.

“Алтан хурга”-ны эзэд болох Хушаат сумын 1-р багийн малчин Б.Цэрэнбат, Цагааннуур сумын Тийрэгийн 3-р багийн малчин Ц.Цэрэнчимэд нарын шагналыг  Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч дарга Ж.Сайнцог нар энэ сарын 18-ны өдөр малчны хотонд нь хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлэн гардуулсан байна.  Хушаат сумын 1-р багийн малчин Б.Цэрэнбат 2016 онд 600 гаруй эх малаас төл хүлээн авч, төлөө 100 хувь бойжуулжээ. Харин Цагааннуур сумын Тийрэгийн 3-р багийн малчин Ц.Цэрэнчимэд 2016 онд 300 эх малаас 360 төл хүлээн авч, төл малаа 100 хувь бойжуулсан байна. Эдгээр малчдын эргэх дөрвөн улиралд малын хөлд сөхрөлгүй ажилч удмаа таслалгүй үргэлжлүүлэн хөдөлмөрлөж яваа амжилтыг нь үнэлж ийнхүү 2017 оны “Алтан хурга”-ны эздээр тодруулсан байна.

Энэхүү шагналыг тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан,  нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг нь салбарын яамнаас харгалзан үзэж олгодог уламжлалтай юм байна.

 

Ч.Отгонцэцэг

相关新闻