Аймгийн алдарт уяач цолтнуудыг чимсэн ганц дайчин бол Ё.Батзул бүсгүй байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-24 20:21:27

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улс, аймаг, бүсийн баяр наадам, орон нутгийн хурдан морины уралдаанд амжилттай оролцож, уясан морьд нь түрүүлж айрагдсан уяачдад Сэлэнгэ аймгийн “Алдарт уяач” цолыг энэ сарын 23-ны өдөр олголоо.

Сэлэнгэ аймгийн “Алдарт уяач” хэмээх цол хүртэж буй олон харцуулыг гэрэлтүүлэн чимэх нэгэн бүсгүй байлаа. Түүнийг Ё.Батзул гэх бөгөөд Сүхбаатар сумын уяач юм. Ё.Батзул 5 настайгаасаа хурдан морь унаж, хурдан буянуудтай амьдралаа холбосон учраас моринд их хайртай гэлээ. Бүсгүй хүний тавиланд ховорхон заяах уяач хэмээх алдыг хүртэж яваа тэрээр аймгийн баяр наадам, бүсийн уралдааны түрүүг 4 удаа, айргийн тавд 5 удаа морьдоо давхиулсан амжилтаараа ийнхүү аймгийн алдарт уяач гэсэн цолыг хүртэж байгаа ажээ. Аймгийн алдарт уяач хэмээх хүндтэй шагналыг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн заалт, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тогтоолд заасан болзлыг хангасан нэр бүхий уяачдад олгодог юм байна. Аймгийн ИТХ, аймгийн “Буган Халиун” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан энэхүү шагналын эздээр 27 хурдан буяны эзэд тодорсны дотор ганцхан эмэгтэй уяач тодорсон нь энэ удаагийн алдарт уяачдыг чимж байлаа.

Энэхүү аймгийн “Алдарт уяач” цолны эздээр Э.Буянтогтох, Ё.Батзул, М.Сүхбаатар, Л.Төрбаяр, Б.Сэлэнгэсайхан, Л.Хаш-Эрдэнэ, Р.Зоригтбаатар, Ш.Баярбат, Ц.Батгэрэл, С.Чойжоо, Д.Төмөрбат, Т.Төрмөнх, Ж.Батхүү, Л.Монхор, Б.Пүрэвсүрэн, Б.Цэвээнжав, Ч.Ууганбаяр, Ц.Энхболд, Б.Цэрэндорж, Б.Жаргалцогт, Т.Далайтүвшин, Ч.Жамсранжав, Ж.Бүрэнбаатар, С.Оюун, Ш.Оргил, С.Бор, Х.Шинэгэрэл нарын уяачид тодорч цол, тэмдэгээ гардан авлаа.

 Ч.Отгонцэцэг

相关新闻