Шинэ телевиз үйл ажиллагаагаа эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Тус аймагт “Ард” хэмээх шинэ телевиз үйл ажиллагаагаа эхэллээ. “ Орон нутгийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах хэрэгсэл иргэдэд алга байна. Иргэд улс эх орныхоо өнцөг буланд болж байгаа төдийгүй дэлхий ертөнцийн үйл явдлыг авч чаддаг хэрнээ өөрийн амьдарч буй орон нутгийн мэдээ мэдээллийг хүлээн авах нөхцөл манай аймгийн хувьд бүрдэхгүй байгаа юм. Тиймээс энэ орон зайг нөхөж телевизээ үүсгэн байгуулсан” гэж телевизийг үүсгэн байгуулагч Г. Мөнхбаатар хэллээ.
Жил хагасын өмнө орон нутгийн хөгжлийн сангийн 120 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар телевизийн тоног төхөөрөмж авч суурилуулан “Дундговь” хэмээх телевиз үйл ажиллагаагаа эхэлж байсан. Гэхдээ энэ нь аймгийн ЗДТГ- ын дэргэд үйл ажиллагаа явуулсан нь хэвлэлийн эрх чөлөөний хууль зөрчиж, дээр нь орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө оруулалт хийсэн нь ч буруутай үйлдэл хэмээгдэж байсан юм. Энэ үүднээс орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан ИТХ- ын тэргүүлэгчид тогтоол гаргаж “Дундговь” телевизийг татан буулгасан.
Татан буулгасан телевизийн тоног төхөөрөмжийг менежмэнтийн гэрээгээр “Алтаншагайт” ХХК авч, “Ард” хэмээх телевизийг ийнхүү үүсгэн байгуулжээ.
Т. Отгонтуяа