Хоёр сумын хилийн заагт хорио цээрийн дэглэм тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-14 12:13:49

Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Дэрэн, Төв аймгийн Баянцагаан сумын хилийн зааг нутагт хонины цэцэг өвчний голомт үүсч, Баянцагаан сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Хорио цээрийн дэглэмийн бүсэд Дэрэн сумын хилээс дотогш 200 гаруй метр зай хамаарч байгаа бөгөөд өвчин тархахаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Дэрэн сумын Засаг дарга Н. Мядагмаагаас тодруулахад, өнгөрөгч амралтын өдрүүдэд өвчний голомттой хамгийн ойр нутаглаж байгаа 3 малчин өрхийн 1 мянга гаруй хонинд вакцин тарьсан. Дахиж ойр орчмын 5 мянга гаруй хонинд тарих вакцин захиалсан байгаа. Энэ орчимд малын эмч байнга ажиллуулж эхэлсэн гэдэг мэдээллийг өгсөн юм.

Энэ орчмын нутгийг Жирэм гэдэг бөгөөд ус элбэгтэй тул Говь- Угтаал, Гурвансайхан, Цагаандэлгэр, Дэрэн, Төв аймгийн Баянцагаан сумаас оторлон нутаглаж байгаа малчин өрх олонтой ажээ.

Тус сум бүх хонин сүрэгтээ урьдчилан сэргийлэх вакцин тарьсан байна. Давтан вакцинжуулалтыг 16 мянган хонинд хийсэн, одоо 80 гаруй мянган хонийг давтан вакцинжуулалтад хамруулах шаардлагатай байгаа гэлээ.

 Т. Отгонтуяа

相关新闻