Хуучин байрны үнэ өнгөрсөн сараас 0.70 хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-14 18:03:13

Шинэ орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ өнгөрсөн сарын байдлаар 2 сая 51 мянган төгрөг болж өмнөх сараас 0.21 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.43 хувиар буурлаа хэмээн Тэнхлэг зууч компаниас мэдээллээ.

Тус компанийн хийсэн судалгаагаар хоёрдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс өмнөх сараас 2.8 хувиар өсчээ. Энэ нь тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин орон сууцны үнэ өссөн нь орон сууцны үнийн индекс бага зэрэг өсөхөд нөлөөлсөн байна.

Ерөнхий индексийг 2014 оны 12 дугаар сарын үр дүнтэй харьцуулбал орон сууцны үнийн бууралт үргэлжилсэн хэвээр байна. 

Тодруулбал өнгөрсөн сард шинэ орон сууцны үнийн индекс 1,14 хувьтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.98 хувиар саарч, өмнөх сараас 0,17 хувиар өссөн үзүүлэлт юм.  Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.  БЗД-ийн “Энканто” хороололд 2016 оны 2 дугаар сард 1 м2 дундаж үнэ 2 сая 799 мянган төгрөг байсан бол 2017 оны 2 дугаар сарын байдлаар 2 сая 575 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.0 хувиар буурчээ. 

Харин хуучин орон сууцны үнийн индекс 0.92, суурь үеэс 7.8 хувийн бууралттай гарлаа. Тодруулбал хуучин орон сууцны үнэ өмнөх сараас 0.26 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 5.53 хувиар буурсан байна. Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь өнгөрсөн сарын байдлаар 73 сая 271 мянган төгрөг болсон нь нэгдүгээр сараас 0.70 хувиар өссөн өнгөрсөн оны мөн үеэс 9.59 хувиар буурчээ. 

Манай улс 2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарч байжээ.

Дээрх судалгаанд шинэ, хуучин 4,978 орон сууцны үнийг хамруулсан байна.  

Б.Заяа

相关新闻