Шар усны үерийг тогтооход зориулж хагас сая төгрөг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хангай сумын төвд айлууд усанд автаж онцгой байдлын хэмжээнд байгаа учраас аймгийн Онцгой комиссоос 500.000 төгрөгийг шатахуун авахад зориулж олголоо.
Архангай аймгийн Хангай сумын төв нь эргэн тойрон голоор хүрээлэгдсэн бөгөөд хойд талаараа урд Тэрхийн, урдуур нь Хөх давааны гол урсдаг. Ийм учраас жилийн жилд сумын төвийн тодорхой хэсэг айлууд шар усны үерт автдаг зовлон бий. Өнгөрсөн өвөл цас ихтэй байснаас Хөх давааны гол савнаасаа хальж урсан, сумын төвийн урд хэсгийн гэр хорооллын эхний 3 гудамжны айлууд усанд автжээ. Зарим нь хашаа, гэрлүүгээ оруулахгүй гэж шороо асгаж овоолсон ч давж урссан байгаа юм. Дараагийн гудамж руу оруулахгүйн тулд шороо зөөж асгах гэсэн ч шатахууны зардал хүрэхгүй байгаа учир сумын удирдлагууд аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ц.Мөнхнасанд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсныг ийн шийджээ.
Хавар, зун дулааны улиралд нутгийнхаа иргэдийг татан оролцуулж, шар усны үер түрдэг газрууддаа шороо асгаж, дараагийн хавар ийм асуудал гаргахааргүй болгох үүргийг аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ц.Мөнхнасан үүрэг болголоо.
Б.Гэрэлт-Од