Залуу малчдад зориулсан сургалт Сайнцагаан сумаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-18 11:41:31

 

Дундговь/МОНЦАМЭ/ Зуд болсон үед зудын бүтээгдэхүүнээр малаа тэжээж онд оруулдаг. Зудын бүтээгдэхүүн гэдэг бол цас. Цасны усаар малаа услаад байвал зудад хорогддог малын 50-60 хувийг тэжээл их шаардахгүйгээр аварч үлдэх боломж бий хэмээн Монгол Улсын Зөвлөх мал зүйч, доктор Н. Сүхээ залуу малчдад зөвлөж байна.

Учир нь малын салбант сархинагт агуулагддаг шингэн тэжээл, усны дутагдал болох үед малын биед үл орлогдох амин дэм болж задран, малд амьд байх нөхцлийг нь бүрдүүлж өгдөг хэмээн нарийн учир шалтгааныг тэрээр тайлбарласан. Энэ мэтээр мал маллагааны ардын болон шинжлэх ухааны арга ухаан олон бий. Үүнээс залуу малчдад зааж, зөвлөн туслах сургалтыг аймгийн ХХАА- н газар явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын зөвлөх мал зүйч, доктор Н.Сүхээ урьсан нь энэ ажээ.

Дундговь аймаг “Залуу малчин” дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр мал аж ахуйн хөдөлмөр эрхэлдэг залуучуудад мал маллагааны арга туршлагыг өвлүүлж, мал аж ахуйгаа эрхлэн хөтлөх менежментийг эзэмшүүлэх, малчдын залуу халааг бэлдэх зорилготой.Үүнтэй зөвлөн туслах энэ сургалт уялдаж байгаа бөгөөд бүх суманд хүрч хийх юм байна

“Би залуу малчдад дараахь зүйлийг чухалчлан зөвлөдөг. Нэгдүгээрт, эцэг мал, үржлийн эх малыг төл байхад нь сонгож авах арга аргачлал. Үүний тулд 28 шинж тэмдгийг анзаарч харах ёстой байдаг. Малчид ихэнхдээ гаднаас нь өнгөцхөн байдлаар хараад сонгодог тал бий. Дотоод шинж чанарт олон гажигууд хадгалагдаж байдаг.Тэр шинж тэмдэг гаднаа хэрхэн илэрдэгийг хэлж өгдөг. Хоёрдугаарт, мал маллагааны арга ухааны хувьд байнга санаж байх ёстой ардын болон шинжлэх ухааны хосолсон аргыг хэлж өгдөг” хэмээн доктор Н. Сүхээ хэллээ.

Энэ маягаар залуу малдад зөвлөн туслах сургалт Сайнцагаан сумаас өчигдөр эхэлж, цаашид бүх суманд үргэлжилнэ.

Т. Отгонтуяа

相关新闻