"Орон нутгийн сайн дурын зөвлөл"-ийг шинэчлэн байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-21 12:06:25

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Ухаа худаг уурхайн дэргэд "Орон нутгийн сайн дурын зөвлөл"-ийг шинэчлэн байгуулсан байна. 

Уул уурхайн үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд ил тод, нээлттэй байлгах, уурхайг орон нутгийн иргэдтэй холбох гүүр нь болдог уг зөвлөлийг 2010 оноос байгуулан ажиллаж ирсэн ажээ. Сумынхаа ИТХ-ын тэргүүлчдийн хуралдаанаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэг жилийн хугацаатайгаар  батлан ажилладаг байна. Өмнөх зөвлөлийн эрхийн хугацаа дууссан учир ийнхүү "Орон нутгийн сайн дурын зөвлөл"-ийг шинэчлэн байгуулжээ. Тус зөвлөлд Цогтцэций сумын ахмадууд, иргэний нийгмийн байгууллага, эмэгтэйчүүд, бизнес эрхлэгчид, малчид гэх мэтчилэн олон талын төлөөллүүд багтсанаараа онцлогтой аж. Ард иргэдийн дуу хоолой болж ажиллах учиртай энэхүү зөвлөл нь сар бүрийн эхний долоо хоногт тогтмол хуралдаж байхаар болсон байна. Зөвлөлийн даргаар тус сумын иргэн, "Хүний эрх иргэний оролцоо" ТББ-ын тэргүүн Х.Гэрэлмаа ажиллахаар болжээ. 

Шинэчлэн байгуулсан зөвлөлийн үйл ажиллагааг идэвхүүлснээр уул уурхай дахь иргэдийн оролцоо, хяналт болон хамтын ажиллагаа сайжрах нь дамжиггүй гэж уурхайн удирдлагууд үзэж байгаа аж. 

Д.Мишигсүрэн

相关新闻