Булганыхан АН-ын сонгуульд бөхчүүдийг дэмжжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймагт болсон Ардчилсан намын дотоод сонгуулийн үр дүнгээр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний чөлөөт сонгуульд UFC группийн ерөнхий захирал О.Амартүвшин, Олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр, аймгийн Засаг дарга асан Д.Эрдэнэбат нар өрсөлдөгчөөсөө өндөр оноо авч квотод багтжээ.
“Буян”-гийн Б.Жаргалсайханы дүү Б.Батсайхан санал болон оноогоор өрсөлдөгч нараасаа дутсан байна.
Үндэсний бодлогын хорооны гишүүний залуучуудын сонгуульд Г.Ганбаатар, Т.Эрдэнэхүү нар нэр дэвшсэнээс аймгийн АН-ын хорооны хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганбаатар өрсөлдөгчөөсөө саналаар дутуу ч оноогоор ялалт байгуулжээ. Харин эмэгтэйчүүдийн сонгуульд Б.Цолмонбаяр өрсөлдөгчгүй сонгогдсон байна.
Аймгийн АН-ын хорооны даргын сонгуульд самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан Б.Ариун-Эрдэнэ ялалт байгууллаа. Түүнтэй өмнө нь аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Батболд өрсөлдсөн юм.
-АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд болон аймгийн намын хорооны даргыг тодруулах сонгуульд 1881 гишүүн санал хураалтад оролцсон гэж аймгийн АН-ын дотоод сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.Цэцэгмаа ярьлаа.
М.Батжаргал