“Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аян зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймагт “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” хоёр сарын аяныг аймгийн хэмжээнд зарлалаа.
Хог хаягдлыг цэвэрлэж, орчны доройтлыг бууруулан, эрүүл ахуйг сайжруулах, “Ногоон хөгжил хэтийн зорилт” бодлогыг хэрэгжүүлэн бүх нийтээр мод тарих, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, тохижилтын ажил хийх юм байна.
Тус аймагт өнгөрсөн жил 30 мянга гаруй мод бут суулгажээ. Харин хоёр жилийн өмнө “Ногоон Булган” хөтөлбөр хэрэгжүүлж 160 мянга гаруй мод бут тарьж, Булган суманд “Энергийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулж байсан билээ.
-Жил бүр мод бут тарьж, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлын суулгацны хэрэгцээг аймгийн хэмжээнд байдаг сум дундын ой анги, ойн нөхөрлөлүүд хангадаг. Булган, Хутаг-Өндөр сум, Хялганат тосгонд байдаг сум дундын ой анги, Сэлэнгэ сумын “Зузган” нөхөрлөл, “Булган бүтээлч хөгжил төв” ТББ үрсэлгээ хийж суулгац борлуулдаг. Шар хуайс, бургас, улиас, хайлаас, чацаргана, агч зэрэг мод бутны суулгац бэлтгэн борлуулалт хийдэг гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Угтахбаяр ярьсан юм.
М.Батжаргал