29 дүгээр сургуулийн талбайд барилга барих зөвшөөрлийг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-04-05 17:09:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн СБД-ийн 29 дүгээр дунд сургуулийн биеийн тамирын талбайд хууль бус газар олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар Нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун хэлэхдээ, "Сүхбаатар дүүрэгт байрлах 29 дүгээр сургуулиас 900 м.кв газрыг тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн хамгааллын төвийн зориулалтаар шилжүүлсэн зөрчил гарсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга 2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд А/84 тоот захирамж гаргаж хүчингүй болголоо. Энэ нь Газрын тухай хуулийг зөрчсөн, төрийн байгууллагын хооронд газар шилжүүлсэн зөрчил болохыг илрүүлсэн.  Тухайн сургуулийн орчин нөхцөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжгүй гэсэн иргэд болон тус сургуульд сурч, хүмүүжиж буй хүүхдүүдийн эцэг эхээс гомдол ирсний дагуу тухайн барилгын зөвшөөрөл хүчингүй болсон учир хашааг нь чөлөөлөх, цаашид тохижилт хийх талаар анхаарна. Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалаас хүсэлт тавибал өөр газарт үүнтэй дүйцэхүйц хэмжээний газар олгох боломж нээлттэй” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, “Улсдаа цорын ганц тус сургуулийн өмчлөлийн газар дээр улсын өмчит байгууллага барих шаардлагагүй. Иймээс Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн барилгын эрхийг цуцалж, өөр газар барихыг шийдвэрлэсэн. Хаврын тохижилтын хүрээнд хүүхдүүдийг орж, гарахад нь саад учруулахгүйгээр Нийслэлийн Засаг даргын газрын санхүүжилтээр 29 дүгээр сургуулийн гадна талбайг тохижуулна" гэв.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻